Д.Давааням: Энэ ажилгүйгээр байж чадахгүй гэдгээ ойлгож байна

img

“ХИТ”-ийн Д.Давааням ах маань бурханд одсон гэнэ ээ. Харамсалтай юм. Хэнийг ч ялгалгүй нөхөрлөж, үнэн сэтгэлээ ярилцаж чаддаг хүн байсансан. Тэр өөрийгөө жинхэнэ клабберчин гэж хэлүүлэх дуртай. Жинхэнэ клаббер хүн өдөрт хоёр удаа шүршүүрт ордог, брэнд хувцас өмсдөг гээд л ярина. Өөрийнх нь хувцас өнгө зүс ч ярьсантай нь дүйх. Энэ ярилцлагыг авахад тэр ноолууран хүрэм өмсчихсөн, үнэртэй ус сэнгэнүүлчихсэн, саяхан авсан ямар ч билээ брэндийн ороолт зүүчихсэн, жигтэйхэн ганган хүн ирж билээ. Өөрөө бий болгосон, өөртөө зориулсан эрх чөлөө гэж юу болохыг түүнээс мэдэрч болмоор. “Хит” Давка нэртэй нь зэрэгцүүлээд та чинь хип хопын загалмайлсан эцэг шүү дээ гээд жаахан “шүрүпдээд” өгвөл их тааламжтай жуумалзана. Тэгээд л урлагийн талаар ярьж гарна даа.

Тэр миний мэдэх хамгийн найрсаг хүн. Гэртээ уриад, хамаг цомгоо үзүүлнэ. Хип хопчид, загвар өмсөгчид, клубын амьдрал, за тэгээд болж бүтэхгүй нөхдийн талаар өөрийн мэдэх бүхнээ, чи сэтгүүлч хүн юм чинь гээд нууж хаалгүй ярьж гарна. Давка ахын ярьж байгаа нь өөрийн сэтгэлийг нь зовоодог, болж бүтэхгүйг залууст ойлгуулах гэсэн, аль болох гарц хайсан хандлагатай. Тэгээд чи бич, ах нь зөвлөе гэнэ. Ийм л сайн зөвлөгч маань бурханы оронд оджээ. Бодвол тэр газар нь зөвлөгөө хэрэг болсон байх. Түүнтэй хийсэн сүүлийн ярилцлага энэ.

Ум сайн амгалан болтугай

 “Хит” хөгжим мэдээллийн хөтөлбөр үзэгчдэд дахин хүрэхээр болжээ. “Хит”-ийн Даваанямтай энэ талаар, бас бус юмны талаар ярилцлаа.

-Таныг гэнэт гарч ирэв гэж тодорхойлмоор байна л даа. Чимээгүй байж байгаад гэнэт л “Хит” дахин мандана гэж хэвлэлийн хурал хийгээд л…?

-Зарим хүний хувьд телевизээр гарч байгаа нь чухал байдаг ч юм уу, тийм ээ. Наад асуулт тань яагаад гарч байгааг би мэдэж л байна. Намайг бурхан болсон гэсэн сураг гарсан юм билээ.

-Тийм үү, тэгвэл би мэдээллээс хоцорчихож?

-Оны өмнө нэлээн хүчтэй гарсан. Энэ талаар телевизэд ярилцлага ч өглөө. Телевизийн ажил гэдэг миний үндсэн ажил. Би энэ ажилдаа хайртай. Энэ ажилгүйгээр байж чадахгүй гэдгээ ойлгож байна. Миний “Хит” энтертайнмент студи байсан, байгаа, байсаар ч байх болно. Ямарваа нэг зүйлийг барааны тэмдэгт болгоно гэдэг хэцүү шүү дээ. Миний өгсөн хэд хэдэн нэр барааны тэмдэгт болсон нь 15 жилийн хөдөлмөр минь юм уу даа. Юмыг нэг талаас хардаг хүний хувьд би бүр алга болсон байх аа. “Хит” зурагтаар гарахгүй байгаа болохоос манай явуулдаг арга хэмжээнүүд явдгаараа явж л байгаа. Оны өмнө гэхэд “Black” арга хэмжээгээ зохиосон.

-Та битгий эмзэглээрэй, Давааням бор дарстай хэт “найзлаад” назгайраад явж байгаа гэж дүгнэх хүн байх юм аа. Ер нь та юу хийгээд яваад байна аа?

-Харамсалтай нь монгол улс архинд живсэн, уудаггүй хүн байхгүй шүү дээ. Их ууж байна уу, бага ууж байна уу гэдэг л асуудал болохоос. Намайг хараар харах хүмүүс харна л биз. Би хэн нэгний өмнөөс биш, өөрөө өөрийнхөө амьдралаас амьдарч байна. Би улсад татвараа төлөөд иргэний хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа. Тэрнээс би хэн нэгний мөнгөөр архи худалдаж аваагүй, хэн нэгнийг зовоогоогүй. Хүн хүний онцлог гэж байдаг. Би сая хоёр жил архи уугаагүй. Ер нь жил юм уу, хоёр жил болж байгаад нэг удаа хэрэглэдэг. Хэрэглэхээрээ үргэлжлүүлээд хэрэглэдэг болохоор ингэж яриад байгаа байх. Намайг хэн гэж харахыг хүсч байна, тэр нүдээрээ л хар. Би заавал хэн нэгэнд сайхан харагдах гэж амьдардаггүй. Хүний амьдрал их богино шүү дээ. Энэ амьдралдаа өөрийнхөө хүссэнээр, өөртөө хайртай хүмүүсийнхээ санааг зовоохгүйгээр явахыг л хүсдэг юм. Тэрнээс 90-ээд оны үеийн мөрөөдөл шиг сая доллартай болоод яах вэ гэдэг ч юм уу, элий балай юм боддоггүй. Надад мөрөөдөл, зорилго, үндсэн чиглэл байдаг. Би үүнээс хазайхгүй. Уран бүтээлч талаасаа хаяадаа өөрийгөө ойлгохоо болих үе таардаг. Намайг хөгжмийн хүн гэж боддог байх л даа. Би бол сэтгүүлч хүн. Харьцангуйгаар олон юм судалж, оролдсон. Философи ч байдаг юм уу, Грекийн гүн ухаан, буддын шашин, христ, ер нь шашнуудын үндэс суурийг жаахан судлах гэж үзлээ. Ер нь эцсийн зорилго бол гэгээрэлд хүрэх зам гэж боддог юм. Олон юмыг өөрийн үүднээс харсан болоод ч тэр үү, системтэйгээр үзэж чадаагүйгээс ч гэх үү, өөртэйгөө зөрөлдөх үе байдаг юм. Заавал эднийг хүн ойлгоосой, хүн намайг ингэж бодож байгаадаа гэдэггүй юм. Би хүнд муу юм хийдэггүй, санадаггүй. Гэхдээ ажлын талбар дээр надад дургүйцдэг хүн их олон байдгийг мэдэрсэн. Хамаагүй ээ, энэ бол юу ч биш. Эцэст нь бидний очих цэг нэг шүү дээ.

-Та надад одоогоос хоёр жилийн өмнө их гоё хайрын талаар ярьж өгсөн дөө?

-Давка аnd 17 настай охины талаар уу?

-Өвдөг дээрээ сөгдөөд гуйсан тэр дүрслэлийг одоо ч санадаг юм. Энэ хайрын түүхийн үргэлжлэл юу болсон бэ?

-Бид сүй тавьсан байсан. Би өөртэйгөө их зөрөлддөг гэж ярьлаа даа. Үүнээс болоод гомдоосон. Үүссэн үл ойлголцлыг шийдэхэд юмыг олон талаас нь харах чадвар надад дутсан. Амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Маргааш юу болохыг хэрвээ мэддэг бол бүгдээрээ бурхан болчихно. Тааж мэдэшгүй, ямарваа нэгэн саадтай, маргаантай, үйл ойлголцолтой байж амьдрал амттай байдаг байх. Тэрнээс бүх юм жигдхэн явбал, мэдэхгүй ээ, сонирхолгүй байх аа.

-Одоо таны амьдрал хэр сонирхолтой байна вэ?

-Би өдөр болгоныг шинээр угтдаг. Энэ өдөр миний амьдралд их чухал өдөр гэж боддог юм. Тэр өдөртөө би их эр чадалтайгаар ихийг хийхийг зорьдог. Энэ маань зарим нэг хүмүүст гадуур дотуур явж, наргиж цэнгэсэн хүн шиг харагддаг. Би маш олон найзтай. Миний хүүгийн найз, миний аавын найз миний найз байдаг. Тэгэхээр ах дүү гэдэг ойлголтоос гадна найз гэдэг ойлголт чухал. Хэн нэгэн итгэл эвдээгүй хүн миний найз. Их том зүйл итгэл шүү дээ. Найз нартаа их цаг зардаг гэж намайг буруутгадаг л даа. Хэн нэгэн надтай уулзахыг, би бас тэр хүнтэй уулзахыг хүсч байхад яагаад уулзаж болохгүй гэж, тийм ээ. Энэ чинь амьдралын өнгө, сайхан шүү дээ.

-Найзын талаар ийм байдаг байж. Өмнөх өгүүлбэрт дурдсан хүүгийн талаар ярья. Хөгжим мэдээллийн хөтөлбөрийн Давааням биш хүүгийн аав Даваанямын талаар?

-Би хүүтэйгээ дөрвөн нас хүртэл нь хамт байсан. Хүн гэдэг байгалийн амьтан, амьдрал өөрөө байнга сайн сайханд тэмүүлж байдаг. Бүх юм хөгжиж дэвшиж байгаа ч гэсэн залуу эцэг эхчүүдэд хүүхдээ хоёр нас хүртэл нь памперс гэдэг юм битгий хийгээч гэж захимаар байна.  Алгын чинээхэн даавуу угаачихад нэг их ажил орохгүй шүү дээ. Хүүгээ нялхаас хөлд орох хүртэл нь ихэвчлэн би хардаг байсан. Цагаар хоол хийж өгнө, алгын чинээ даавуу угаахад нээрээ үнэхээр амархан шүү. Тийм их жаргалтай эцэг байсан. Одоо хүү минь том болсон. Надтай хамт байж, зөвлөгөө авах дуртай. Хамгийн гол нь хүүхдийг их эрхлүүлэхдээ биш, амьдралд бие дааж шийдвэр гаргах чадвартай болгох л чухал. Хүүгээ ийм л байгаасай гэж хүсдэг юм.

-Телевиз болгон хөгжмийн хөтөлбөртэй, тэд нь хоорондоо өрсөлдөөнтэй байна. “Хит”-ийн урилгыг хүлээж авахгүй хамтлаг, дуучид байхгүй байх л даа. Гэхдээ л үзэх суваг олон, өрсөлдөөн ширүүн байна шүү дээ?

-Ямар ч байсан би илүү хийнэ гэж бодож байна. Яагаад гэвэл “Хит” гэдэг программ 15 жил болсон. Ганцаараа их удсан шүү дээ. Рок поп урлагийн нэг эрэг шураг нь болсон. Гаднаас нь хардаг биш, дотор нь орж ажилладаг болохоор бидэнд давуу тал бий.

-Тэгвэл та ажиллах материалаа хэр байгаа гэж бодож байна вэ. Миний хувьд л лав өнөөдөр дагаад аялчихаар хит дуу алга. Олныг хуйлруулсан, цойлсон хөгжим, урсгал алга. Нэг үгээр хэлэхэд уйтгартай байна?

-Дэлхий дахинд 1990-ээд оны хүүхдүүд гэсэн ойлголт гарчихаад байгаа л даа. Тэд одоо бол насанд хүрэгчид. Тэднийг ухаан орсон цаг бүх юм тоон системд шилжиж амьдрал хөнгөн болсон үетэй давхцсан. Багаасаа компьютер тоглоом тоглоод, 24 цагийн хүүхэлдэйн киноны суваг үзэж өссөн хүүхдүүдийн хүмүүжлийн бас нэг онцлог гарч байна гэж бодож байгаа. Үүн шиг болох юмсан, хийж бүтээх юмсан гэсэн тэмүүллээс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээ суусан юм болов уу. Зорилго эрмэлзлэл дутаад байгаа юм болов уу. Одоо бодоход “Камертон” гайхамшигтай хамтлаг байж. Яг үүн шиг хамтлаг гарч ирж болно шүү дээ, уг нь. Гарч ирэхгүй байгаа болохоор эрмэлзлэлгүй байна даа гэж бодож байгаа. Хоёрдугаар алдаа нь гэвэл “Харанга”, Ариунаа, наашлаад манай хип хоп хамтлагууд дэлхийн хөгжмийн шинээр гарч ирж байгаа өөрчлөлтийг цаг тухайд нь хэрэгжүүлэхийн төлөө байсан. Одоо манай уран бүтээлчид дэлхийн хөгжимд яваад байгаа нэг том хувьслыг ойлгохгүй байна л даа. За, яах вэ, инди рок бол бий. Жишээлэхэд “A-Sound”, “Lemons” хамтлагыг үнэхээр гайхамшигтай хамтлаг гэж хэлнэ. Дэлхийд өрсөлдүүлбэл нүүр улаахааргүй. Нөгөө талаас хөгжим өөрөө электрожчихсон. Электро хөгжим гэдгийг транс гэж, бааранд явдаг хөгжим гэж ойлгохоо боливол яасан юм бэ гэж хэлмээр байгаа юм. R&B дуунууд электрожчихсон шүү дээ. Энэ бүхнийг анзаарах юм бол шинэд тэмүүлж эхлэх байх. Одоогоор ийм бүтээл хийгдэхгүй байна. Онцлоод хэлбэл оны өмнө гарсан “Lemons”-ын Одноо, Эгшиглэн нарын “Яг одоо яамаар байна” дуу хөгжим хаашаа явж байгааг харуулсан том жишээ болсон.

2011 оны нэгдүгээр сар

Л.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хэлний багш:
Улайх, улайсах гэж бичдэг юм аа Улаан нолио.
2012-08-13
Монгол хэлний багш:
Улайх, улайсах гэж бичнэ дээ Улаанаа минь
2012-08-13
sain zaluu daa, manai talyn hun baisym da
2012-08-13
spook:
Um Ma Ni Bad Mi Hum * 21 udaa... Sain zaluu baisan. Nas barsan ene ter gej tsuurch baigaad yavuulchihsan baina sh dee. Sayahan bas Ambii nas barlaa geed tsuuraad baisan. Ambii mini amidral barzgar baina shuu. Nom unshuulj zasal hiilgeerei.
2012-08-12
orovdoor um zaluugaaraa
2012-08-12
уншигч:
ум ма ни бадмэ хум х 49
2012-08-12
zochin:
suuliin yariltslaga gej bish suulchiin yariltslaga geh baijdee.nuli aldaa tolgoi noli bainaa.mash ih aldaatai bichij baina.
2012-08-12
234234234:
chi biti zalaad bai haha
2012-08-12
Мэдкүн байж юун зөрүүд юм бэ? Эхний хүн зөв засч байна
2012-08-12
chi zalruulah geed buruutuuljee, NYYR Ulaah gene, Nyyr ulaih gej ug bhgui, nyr chin icheed ulaana gesen ug.
2012-08-12
Монгол хэлний багш:
Улайх, улайсах гэж бичдэг юм аа Улаан нолио.
Мэдкүн байж юун зөрүүд юм бэ? Эхний хүн зөв засч байна