Монголын багийн ээлжит медалийг авчирсан, олимп болон дэхийн хос хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн ярилцлагыг хүргэе. Тэрээр Монголын спорт уруудаж байсан ерээд оны сүүл үеэс хойш боксын спортоосоо хөндийрөлгүйгээр тулалдаж буй цор ганц тамирчин билээ. Хүн аливаад чин сэтгэлээсээ хандвал хэзээ нэгэн цагт үр дүнд хүрдгийг, зорилготой байхын учрыг У.Мөнх-Эрдэнэ нотлон харуулсаар байна.
Лондон-2012 олимпийн наадамд түүний бэлтгэл сайтай байгаа харагдсан. Ямар зорилго тавьж ирсэн талаар нь сонирхож бидний ярилцлага эхэлсэн юм.
-Өндөр амжилт гэж юуг хэлэх билээ, түүнд хүрэх бодолтой байсан. Эхлээд Чехийн Зденек Хладек, хоёрын даваанд Маврикийн Ришарно Колин, медалийн төлөө нутгийн боксчин Томас Столкерийг ялж, хагас шигшээд Украины Денис Беринчикт хожигдчихлоо. Бүх өрсөлдөгч сайн учраас амархан медаль байсангүй. Бэлтгэлийн хувьд сайн базааж, ер нь тогтмол бэлтгэлтэй байсан даа. Ер нь Бээжингийн олимпод хожигдсоны маргаашаас л бэлтгэл эхэлсэн дээ. Бэлтгэл бараг тасраагүй. Харин энэ олимпийн циклд бэртэл гэмтэл аваад жаахан хэцүү байлаа. Олон хоног Лондонд жин барьсан болохоор сүүлийн тоглолтуудад их ядарч, тамир алдчихлаа. Бас олимп эхлэхийн өмнө Монголын тамирчид дундаас зөвхөн надаас допингийн шинжилгээг давхар цусаар авсан. Бидэн шиг жингээ их барьдаг хүмүүс хоёр хуруу шил цус өгсөн нь ядрахад нөлөөлсөн л дөө. Цадталаа идэж сэргэхгүй болохоор хэцүү.
-Хүрэл медалийн төлөө тоглолт маш хүнд, өрсөлдөөнтэй болсон. Британийн боксчинтой хийсэн тэр тоглолтоо эргээд дурсвал?
-Нутгийн тамирчинтай нэлээн илүү тоглож байж ялалт авна. Би өмнө нь нутгийн тамирчидтай олон удаа тоглосон, хэцүү гэдгийг нь мэднэ. Миний хувьд даваад гарахаас өөр арга байгаагүй. Хожно, ялна, байгаа бүхнээ гаргана гэж бодож байсан.
-Тоглолт дуусгаад ялалт авсан ч гэсэн дараа нь англичууд протест бичсэн. Ямар шийдвэр гарах бол гэж догдолж байв уу?
-Протест бичсэнийг сонсоод надад эвгүй санагдсан. Гэхдээ хожлоо авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Би олон жил тоглож байж энэ медалийг авлаа. Мэдээж баяртай байсан ч тайвширч болохгүй, өнгийг нь хувиргах хэрэгтэй, жингээ аятайхан барья гэж бодсон.
-Мөнгөн медалийн төлөө таарсан Украины боксчинтой анх удаа тоглосон байх. Түүнтэй хэрхэн тоглохоор төлөвлөж байв?
-Би Украины боксчидтой зургаа дахь удаагаа тоглож байна. Өмнө нь дөрөв хожиж, нэг хожигдож байсан. Харин энэ украинтай бол анх удаа таарч байгаа. Энэ боксчинтой зайнаас тоглож, ойртуулахгүй байя гэж бодсон. Тэгээд сүүлийн минут хагаст л алдчихлаа. Нэг бол ойртуулахгүй, эсвэл битүү хамгаалалт аваад зогссон бол оноо бага алдах магадлалтай байсан. Өөрөө задгай тоглож, зөрөлцөж цохилцож байгаад мэдрэмж алдсан тал бий. Тэр үед оноо юу болж байгаа бол гэж бодоод нөхөж авья гэж бодож байсан. Би гуравдугаар үе эхлэхэд гурван оноо илүү байсан. Сүүлийн үед нэмж хэдэн оноо аваад бүр дээшээ гарна гэж бодсон юм.
-Медаль авсны баяр, хагас шигшээд хожигдсоны гуниг хоёрын аль нь илүү давамгайлж байна вэ?
-Өчигдөр бол медаль авсандаа их баярлаж байсан. Харин өнөөдөр бол хожигдсондоо дурамжхан л сууж байна. Баяр, гуниг ээлжлээд л байна даа.
Миний энэ медаль үе үеийн өрсөлдөгчид, бэлтгэл хангаж байсан хүмүүс, багш дасгалжуулагч нар, холбооны удирдлагууд гээд олон хүнтэй холбоотой. Нэг медалийн цаана зөндөө олон хүний хөлс хөдөлмөр байдаг. Тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн намайг дэмжиж, шөнө босч ирж тоглолт үзсэн бүх монголчууддаа баярлалаа. Ордон дотор ч гэсэн монголчууд бөөнөөрөө тоглолт үзээд дэмжиж байсан нь сайхан санагдсан. Балиашгийн дуу хоолой, дэмжиж байгаа хүмүүсийн түрлэг урам зориг, хүч өгдөг юм.
-Гурав дахь олимпдоо хүч үзлээ. Цаашид хэр удаан бокс тоглох бодолтой байна?
-Ямар ч байсан ирэх жилийн ДАШТ-д үзэх бодолтой. Ер нь дараагийн олимпод тоглоно гэвэл болно л доо, гэхдээ тэнд оролцох бодол алга. Боксыг яг хэдийд орхихоо хэлж мэдэхгүй байна.
Лондон. 2012.08.11
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Qa0jUR0A4Us#!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ