
Зуны олимпийн ХХХ наадмаас манай тамирчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлөлөө. Дөнгөж сая боксын 52 кг-ын жинд идэр залуу Н.Төгсцогт маань финалын тоглолтонд Кубын залуу од Рамирес Каррасанад 3 онооны зөрүүгээр (14:17) харамсалтай хожигдож мөнгөн медаль хүртсэнээр Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимийн наадмаас эхлэн оролцсон түүхэндээ хамгийн олон медаль авсан амжилт үзүүлээд байна. Тив дэлхийн шилдгүүд хуран чуулж тэмцэлдсэн олимпийн их наадамд оролцон тэнхээ чадал, арга ухаан, тэсвэр тэвчээрээ хөвчлөн дайчилж ийм том амжилт үзүүлсэн хорьхон настай хонгор хүүгээрээ монголчууд бид бахархах ёстой. Хөлний бэртэл гэмтлээ тэсвэрлэн шүд зууж хүрч болох амжилтаа давтан үзүүлсэн анхны олимпийн аварга жүдоч хүүгээрээ монголчууд бид бахархах ёстой. Хүрэл медалийг ямархуу үнэ цэнээр хүртсэнийг мэдэхийн хувьд С.Ням-Очир, У.Мөнх-Эрдэнэ, 32 жил тасраад байсан чөлөөт бөхийн медалийг эргүүлэн авчирсан аварга бүсгүй С.Батцэцэг нартаа бид мэхийн хүндэтгэл илэрхийлэх хэрэгтэй. Тийм ээ, олимпийн наадамд оролцон охид хөвгүүд маань бүгдээрээ хүч чадлаа шавхан зүтгэсээн.
Лондонгийн рингэнд гарсан Б.Түвшинбат, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт дөрөв маань Монголын боксчдын эхлүүлсэн олимпийн аваргын буухиаг залгахаар зүтгэн тэмүүлж монголчууд бид бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрээс уухайлан дэмжиж байлаа. Гэвч энэ удаа хүсэн хүлээсэн алтан медалийнхаа оосроос атгаад л орхилоо доо, хайран боломжоо алдаад харамсан уйлж зогсоо хүүгээ хараад сэтгэл хөндүүрлэнэ. Үнэхээр өрсөлдөгчөө дийлэхгүй илт хожигдсон бол яая гэхэв, гэтэл онооны хувьд тэнцүүхэн, 2-р үед бол илүү тоглож олон оносон ч хажууд суугаа Америк, Европын шүүгчид (Азиас ганц Энэтхэг байсан) "хамаатныхаа" талд дарна билээ.
2009 оны дэлхийн аваргын финалд манай хүний эсрэг Пуэрто-Рикогийн Аррайо яг л ийм битүү хамгаалалттай тоглоод хожсон билээ. Латин Америкийн боксчдын энэхүү хэвшмэл хэв маягийг Бээжингийн олимпийн финалд Бадар-Ууган маань зад татан эвдэж Кубын аваргыг илүүрхэн хожиж байсан бол энэ удаа Төгсөө маань таарч тохирох тактик сонгож олсонгүй явсаар тэнцүүхэн тоглоод ялагдлаа. Үнэндээ куба банди битүү хамгаалж зогсоор л олимпийн аварга болох нь энэ.
Эхний үед хоёр тамирчин илт бие биенээ хүлээсэн темпээр аль болох алдаа гаргахгүй, оновчтой цохилт хийхийг хичээж байлаа. Куба залуу үе үе оновчтой сөрөг довтолгоо хийж өө сэвгүй тоглох тактик барьсан нь илт. Оноо 1-р үед 5:6-аар Кубын талд гарчээ. 2-р үед дээр дурдсан ёсоор манай хүн илүү оносон ч шүүгчид яагаад ч юм тэнцүүлчихэв. Төгсгөлийн 3-р үед ингэж тоглоод хожихгүй байсан гэдгийг сүүлд хараад өөрөө ч харамссан бизээ. Дэлгэцээр үзээд дүгнэж цэгнэж суух дэргэд нь байснаас хамаагүй өнгөц гэдэг ойлгомжтой, манай шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганзориг ингэж тоглоод дуусвал илт хожихгүйг хэлж зөвлөсөн л байж таараа. Д.Банди багш Монголд энэ талаар юу хэлж суугаа бол? Ойроор нь ОУХМ Ж.Энхтөр рүү утас цохиж саналыг нь сонслоо. Тэрээр 80-аад оны сүүлчээр олон улсын дэвжээнд Кубын боксчдыг дараалан хожиж явсан хашир туршлагатай тамирчин бөгөөд дасгалжуулагчийн ажилд шилжээд улсын шигшээ багийг удирдаж 1999 оны Хьюстоны дэлхийн аваргад оролцуулж явсан нэгэн.
- Сайн уу Төрөө, саяын тоглолтын талаар юу бодогдож байна?
- Шууд үзэж чадсангүй, бичлэг үзлээ. Хожиж бүрэн болох байсан, харамсалтай байна. Өрсөлдөгч нь тийм ч аймаар хурд хүчтэй биш харагдаж байна, хүлээсэн анасан ийм хүнийг аль болох өөрөө эхлэн хөдөлгөж тоглолтыг шууд удирдах хэрэгтэй. Темпэнд нь орж оноо алдаад байгаа харагдана, тийм битүү хаалттай хүнийг элэг, гэдсэнд нь олон цохиж хаалтыг нь задлах олон давталттай цохилтууд хийх хэрэгтэй, зарим үед хажуугаас доороос цохих зэргээр ажиллах арга барилаа арай олон болгож өөрчлөөд үзэх хэрэгтэй байсан болов уу, ийм хурдтай тэнцүүхэн тоглолтоос хэн хэн нь илт давуу оноо авна гэдэг хэцүү...
Тийм ээ, боксын спортын өндөр хурд техниктэй эн тэнцүүхэн ийм тоглолт олимпийн түүхэнд шигтгээ болон орох бизээ. Төгсөө маань дараа дараагийн олимпд оролцон даагаа нэхэх нас байна, туршлага байна, оргилд гарах цагийг чинь бид бүгдээрээ итгэн хүлээсээр байх болно. Олимпийн их наадмаас мөнгөн медаль зүүгээд ирж буй Нямбаярын ТӨГСЦОГТ, хүрэл медаль хүртсэн Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хөвгүүдээ халуун баяр хүргэн угтацгаая. Монголын боксчид илүү шүү, илүү!
Д.Цэрэндорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ