
Зуны олимпийн XXX наадам Их Британийн нийслэл Лондон хотноо 17 хоногийн турш спортын түүхэнд шинэ хуудсуудыг нэмэн амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр шөнө Лондончууд болон дэлхийн өнцөг булан бүрээс олимпийг үзэж сонирхохоор очсон 80 мянган үзэгчид, 204 улс, гүрний төлөөлөл болон будант Альбионд өрсөлдсөн 10000 гаруй тамирчид, багийнхан хаалтын ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ.
Хаалтын арга хэмжээ эхэлснийг мэдэгдэж “Биг Бен” Лондонгийн цагаар 21:00, манай цагаар 04:00 цагт цохисон байна.
Хаалтын ёслолд Их Британийн урлаг соёлын одод оролцож тус улсын орчин үеийн хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, дуу хөгжмийн салбарынхаа гайхамшгийг мэдрүүлсэн юм. Хаалтын ажиллагаанд 4100 орчим уран бүтээлчид болон 4000 орчим сайн дурынхан оролцжээ. Алдарт Queen хамтлагийн гитарчин Брайн Мэй болон Duran Duran хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор, дуучин Жесси Жей, Тайо Круз, алдарт Spice Girls, Жорж Майкл, Рэй Дэвис,болон Британийн супер модель Кейт Мосс нар хаалтын ёслолын гол сюрпризүүд байлаа.
Мөн 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулагч орноор тодроод байгаа Бразил улсын далбааг мандуулж, төрийн дуулал нь эгшиглэн Бразилийн үндэсний онцлог, соёл урлагийг харуулсан үзүүлбэр үзүүллээ. Олимпийн далбааг Лондон хотын дарга сэр Борис Жонсон Рио де Жанейро хотын дарга Эдурдо Паест гардуулж өгсөн юм.
Гайхалтай ёслолын буудлага цэнгэлдэх хүрээлэнг гэрэлтүүлэх үеэр “The Who” хамтлаг “My Generation” дуугаа дуулж, стадион улаан, цагаан, цэнхэр өнгөөр давалгаалж байлаа. “Take That” хамтлаг мөн “Rule the World” хит дуугаа дуулсан юм. Хамтлагийн гишүүн Гэри Барлоу өнгөрсөн долоо хоногт хүүхэдтэй болсон учир тус хамтлагийг арга хэмжээнд оролцохгүй гэсэн таамаглал байсан юм.
Уламжлал ёсоор хаалтын арга хэмжээний үеэр сүүлийн медалиудыг тамирчдад гардуулан өгсөн юм. Эрэгтэйчүүдийн марафонд түрүүлсэн Угандагийн тамирчин Стефен Кипротич медалиа гардсан байна.
Queen хамтлагийн дуучин Фредди Мерьюри “Bohemian Rhapsody” дуугаараа цэнгэлдэхийг цуурайтуулсан юм. Хошин шогч Рассел Бренд мөн хүрэлцэн ирж Британичуудын этгээд авир төрхийг харуулахаа мартсангүй.
Мэдээж хэрэг хүн төрөлхтөний эв нэгдлийг бие сэтгэлээрээ илэрхийлэхээр улс үндэстнээ төлөөлөн хүрэлцэн ирсэн олон мянган тамирчид холилдон цэнгэлдэхийн талбайг дүүргэсэн нь хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг болсон. Тэд 17 хоногийн турш өрсөлдөж, ялж ялагдахын баяр зовлонг мэдэрч найз нөхөд болцгоож эх орныхоо далбааг мандуулсан дурсамжаа мартахгүй.
Эх оронд нь зохиогдсон наадам Британичуудад сүүлийн 104 жилд гаргаагүй амжилтаа гаргахад нөлөөлж, нийт 29 алтан медаль хүртсэн юм. Хатан хаан баг тамирчдынх нь гайхалтай амжилт улс орны урам зоригийг бадраалаа хэмээсэн байна.
Энэ удаагийн олимпийн наадмыг нийт амжилтаараа АНУ 46 алттайгаар тэргүүлж, Хятад улс 38 алтан медалиар удаалсан юм. Харин Их Британи гуравт оржээ. Нийтдээ 44 дэлхийн рекорд тогтоогдож, 117 олимпийн рекорд эвдэгдсэн байна.
Ц.Мишээл
















СЭТГЭГДЭЛ БИЧИХ