"Хааны эрэлд-2012"-ын нээлт боллоо

img

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын хуурай замын цэргийн командлагч, ОУ-ын сургуульд оролцогч улсуудын цэргийн багууд, гаадад дотоодын хүндэт зочид, албаны хүмүүс оролцжээ. Анх 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар "Хааны эрэлд" эхэлж байсан. Харин 2006 онд олон улсын сургууль болж өргөжсөн юм. Энэ удаагийн цэргийн сургуулилтад 15 орны 1000 гаруй цэргийн алба хаагч бэлтгэл хийх бөгөөд БНХАУ, ОХУ, Казахстаны зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцож байгаа. Харин Их Британи, БНЭУ, БНСУ, Япон, Канад, Австрали, ХБНГУ, Франц, Сингапур зэрэг 12 орны цэргийн алба хаагч штабын дадлага, хээрийн сургалт дадлага, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилга, инженерийн туршилга солилцох гэсэн таван арга хэмжээг хэрэгжүүлэх юм.  Манай улсаас энэ удаад Зэвсэгт хүчний 600 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа юм. Сонирхуулахад, энэхүү сургуульд өнгөрсөн онд ажиглагчаар болон команд штабын сургуульд офицеруудаа оролцуулж байсан ИБУИНВУ, Австрали, Япон, Шинэ Зеланд зэрэг орны цэргийн баг шинээр оролцож байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ