Хялбар амьдралын хямдхан золиос нь хүүхэд гэж үү

img

Гэр бүл салалт, өнчрөл хагацал, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэрэг, мансуурал гээд л энэ нийгэмд ороо бусгаа зүйл олон болж. Сэтгэл хирдхийлгэсэн аймшигт хэрэг, итгэхэд ч бэрх элдэв явдал зэрэг өдөр ирэх бүрт хүмүүс “шинэ мэдээлэл”-тэй нүүр тулсаар байгаад бараг залхах нь. Бас болоогүй ээ. Энд тэндхийн орц хонгил, булан тохойд орогносон эмнэлэг нэртэй агуулах охид эмэгтэйчүүдийн хувьд ганц “авралын гарц” нь болох дөхсөн энэ цагт “аборт” нэртэй хачин моод гарч ирсэн. Иштэй чихэр, үлгэрийн номноос ч салаагүй дунд сургуулийн балчир охид нь хүртэл хацар нүүрээ гоодож аваад хавийн баар хэсдэг ажилтай болчихож. Сонсох нь ээ, бандгар жийп унасан баян ах нарын харцыг булааж, бас халаасыг нь сэгсрэх шинэ ажилтай болсон юм байх. Гэвч тэдний дунд хэдхэн хоногийн дараа нүднийхээ будгийг урстал уйлаад эмнэлгийн үүд сахих “тавилантай” нь даанч олон байгааг юу гэж хэлэх вэ. Үеийнхээ хөвгүүнтэй үерхэж байгаад хаягдсан гэх юм уу хүчинд автсан, аль эсвэл ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд ээж болох нь эртдэнэ гэж “шийдсэн” болохоо улиг болтол хэлж суугаа охидыг хараад эмч нар толгой сэгсрэхээс хэтэрдэггүй юм билээ. Үнэндээ хэн хэнийх нь амыг мөнөөх л юунд ч дийлдэшгүй хүчтэй мөнгө “хааж” байгаа болохоор арга ч үгүй биз. Оюутан охид ч тэднээс ялгаагүй. Сургалтын төлбөр, түрээсийн байр, хоол унд, гоёл зүүсгэл, шоу цэнгээн гээд мөнгөнөөс илүү хэрэгтэй зүйл тэдэнд үгүй гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Гэвч эцэг эхийнхээ халаасыг тэмтрэн байж их сургуулийн босго алхсан мөртлөө сурах зорилгоо биеэ үнэлэх ажилтай хольж хутгасан “их мэдэгчид” захаас аваад л тааралдаж байгаа нь нэгийг бодогдуулах мэт. Үдэш оройн цагаар их сургуулийн үүдэнд  эргэлдэх охид хүүхнүүдийг харахаар ёстой л нөгөө жүжигчин Хүрлээгийн “Эргэлзээ” хэмээх егөө шүлэгт гардагчлан оюутан ч юм шиг, ор хөнжлийн ажилтан ч юм шиг. Өнөө цагийн охид, хүүхнүүдийн ярианы гол сэдэв нь чинээлэг нөхөртэй болох. Тосонд умбаж, торгонд хөлбөрөөд л эрх муужгай шиг амьдрахыг мөрөөдсөн тэдэнд өөрсдийн гэх зорилго, хүсэл тэмүүлэл огт үгүй мэт. Хэн нэгний хэтэвчийг “түшиж”, хангалуун амьдрахын тулд айл гэр үймүүлж, үр хүүхэд өнчрүүлэх юу ч биш юм шиг хээвнэг ярьж суугааг нь харахад сэтгэл эмтэрмээр. Үр хөндүүлэх  байтугай, өвөрт нь эрхэлсэн нялх үрээ ч юман чинээ тоолгүй хаяж буй хүнд амьдралын аз жаргал, баяр баяслын тухай ярихад ч хайран санагдах. Оюутнууд нь онц дүн авахын тулд багшдаа “эрхэлж”, арай гайгүй ажил төрөл эрхэлдэг хүүхнүүд нь албан тушаал ахихын тулд даргадаа “наалдаж”, ахимаг насны авгай нар нь аятайхан залуу уургалан уйдсан сэтгэлээ “сэргээж” буй жишээг тийм ч холоос хайх хэрэггүй биз ээ. Тэртээ тэргүй, бидний амьдралд байгаа зүйл юм чинь. Гэхдээ амьдралын үнэ цэнэ, аз жаргал, ариун нандин холбоо энэ цагт бүрмөсөн үгүй болоогүй л байлтай. Өнөөдөр өөрийнхөө байр суурийг ч тодорхойлж мэдэхгүй сөөсгөр жаалууд “Сайнтай нь сууж, сайхантай нь сүүлэр” гэж ирээд эгээ л ах эгч нартаа амьдрал заах нь халаг юм болж байна, цаана чинь. Энэ “сезон”-ыг мэдэрсэн урлагийнхан хүртэл юунд зүгээр суухав. Нууц амрагийн нуугдмал амьдралыг харуулсан дуу, шүлэг, кино, жүжиг борооны дараахи мөөг шиг болтлоо олширсон. Ихэнх нь мөнөөх нууцхан амрагуудыг “өмөөрсөн” шинжтэй. “Хөөрхий дөө, хүний хүнд дурлачихаад яаж ч чадахгүй гуниглаж яваа амьтан. Үүр шөнийн заагаар тэнгэрийн ододтой хамт өврөөсөө түүнийг үдчихээд өнчин дэрээ нэвтэртэл уйлдаг” гэж ирээд л тэндээс ихэвчлэн өр өвдмөөр зураглал харагдах нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Хүний амьдрал эрээнтэй, бараантай гэдэг. Хэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй нь яах аргагүй тавилан. Гэхдээ л хөнгөн жаргалд хууртаад хүүхдийн амиар “наадах” нь зөв зүйл биш ээ. Манай улсын хэмжээнд хувийн гэх тодотголтой 150 гаруй эмнэлэг байдаг гэх. Зөвхөн нэг эмнэлэгт л гэхэд сард 60 гаруй удаа үр хөндөлт хийдэг гээд бодохоор бусад нь бараг тоогоо алдсан байх. Үүгээр ч зогсохгүй, албан бус тоогоор хэчнээн хүүхдийн амьдралыг мэсний ирээр шийдсэн бол гэж бодохоор толгой эргэнэ. За тэгээд, зориулалтын бус эм бэлдмэл хэрэглэн гэр ахуйн нөхцөлд дур мэдэн үр хөндөлт хийлгэх гээд бүтэлгүйтсэнээ “Зулбалт” гэж оношилсон хүмүүсийн тоог нэмээд үзвэл талийж өгнө биз дээ, таминь. Угтаа бол, хялбар амьдралын золиос нь хүүхэд биш баймаар. Манайдаа л томоохонд тооцогддог эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж харвал, үр хөндөлт хийлгэхээр дугаарлаж буй охид, хүүхнүүд үүднийх нь танхимд пиг дүүрэн. Хэвлийд нь бойжиж байгаа энхрий үрээ харгис гэхэд дэндүү аймшигтай байдлаар устгах гэж яарсан хатуухан сэтгэлтэй бүсгүйчүүд энд тун ч олон харагдана шүү. Зарим нь бүр үр хөндөлт хийлгэчихээд гарч ирэхдээ эгээ л дуу аялах нь холгүй аашилж, үр зулбуулах эмийг “Хэрэггүй эд” хэмээн хараасаар гарч одсон. Тэдний хувьд, энэ өдөр хийлгэсэн энэрэлгүй “ажил” нь анхных биш юм байх. Эмч нарын ар хударгаар гүйлдсэн зарим охид өөрсдийнхөө байдлыг “Хожуу үеийн зулбалт” хэмээн оношилж, улайм цайм худлаа ярьж суугаа нь бүр дэндүү муухай гээч. Юутай ч эрүүл мэнддээ хайхрамжгүй хандаж, үр хөндөлтөөр “наадсан” охид бүсгүйчүүдийн асуудлыг ч анхааралдаа авах цаг нь хэдийнэ болж. Ирээдүйн амьдралаа сайн сайхнаар төсөөлж буй хэнд ч эрүүл мэнд, эмх замбараатай байдал чухал санагдах нь лав биз ээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ