Сүүлийн үед жолооны курс олширч түүнийхээ хэрээр сард 4000 гаруй хүн жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлууд яригдаж байна. Жолооны үнэмлэх юунаас болж саатсан мөн нөлөө бүхий авто курсийн үнэмлэхийг гаргачихаад дараагийн ээлжинд жижиг курсуудийн үнэмлэхийг хэвлэж байна гэх хардлага иргэдийн дунд байгаа юм. Ямар шалтгаанаар жолооны үнэмлэх гарахгүй удаашрах болсон талаар лавлахад урьд нь бэлдэц нийлүүлж байсан компани ажилдаа хойрго хандснаар үнэмлэх хэвлэх явц удаашрах болсон. Цаашид энэхүү компанитай ажиллах боломжгүй болж гэрээгээ цуцалсан. Дараагийн бэлдэц нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарласан байгаа гэлээ.Тус тендерт ялсан компани бэлдэцийг хэвийн нийлүүлж эхэлвэл үнэмлэхийг хэвлэх боломжтой болно гэлээ. Бид энэ талаар Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн ахлах байцаагч дэд хурандаа Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар 28 мянган хүн жолооны үнэмлэхээ авч чадахгүй байгаа талаар иргэд ярьж байна?
-28 мянган хүний үнэмлэх гараагүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Өнөөдрийн байдлаар 16 мянга орчим үнэмлэх хэвлэлтэд хүлээгдээд байгаа юм. Энэ 16 мянган хүний материал гэхээр бүгд саяхан төгссөн хүмүүс гэж ойлгож болохгүй.Үүнд жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ангилал ахиулах, хуучин үнэмлэхээ солиулж байгаа зэрэг нийлээд 16 мянган хүний материал манайд ирчихсэн байна.Жолооны үнэмлэх тавдугаар сарын 15-наас хойш 6,7 сар гэсэн гурван сарын материал хуримтлагдсан байж байна.Хэвлэл мэдээллээр 28 мянган хүний жолооны үнэмлэх хүлээгдэж байгаа талаар ташаа мэдээлэл гарсан байна лээ.
-Нийслэлд хичнээн жолооны курс үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ. Мөн орон нутагт зөвшөөрөлтэй жолооны курс хэд байдаг юм бол?
-Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 127 байдаг бол, орон нутагт 178 жолооны курс байна. Эдгээр авто курс төгсөгчид мөн ангилал ахиулах, хаяж үрэгдүүлсэн, шинэчлэх гэх мэт 4000 орчим үнэмлэхний хэрэгцээ байнга гарч байдаг.
-Үнэмлэхний бэлдэцээс гадна хэвлэх машин эвдэрснээс шалтаалж удааширч байгаа нь үнэн үү?
-Урьд нь DMIT компани жолооны үнэмлэхний бэлдэцийг нийлүүлдэг байсан.Тухайн компани ажилдаа тун хойрго хандснаар цаашид хамтарч ажиллах боломжгүй болж гэрээгээ цуцалсан. Ингээд бэлдэц нийлүүлэх шинэ компани сонгон шалгаруулахаар тендер зарлачихсан байна. Энэхүү бэлдэц нийлүүлэх компанийг энэ сарын 15-н гэхэд сонгогдох байх хэмээн итгэж л сууна.
- Жолооны үнэмлэх хэвлэдэг хичнээн машинтай вэ?
-Үнэмлэх хэвлэдэг таван машин байдаг.Эдгээрээс өнөөдрийн байдлаар хоёр нь хэвийн ажиллаж байна. Гурван машин нь эвдэрсэн засах ажлыг хийж байна. Хэвийн ажиллаж байгаа хоёр машин тус бүр 500 үнэмлэх хэвлэнэ гэж бодохоор нэг сарын хугацаанд хэвлэх боломжтой болж байгаа юм. Гагцхүү бэлдэц л хүлээгдэж байна.
-Нэр нөлөө бүхий жолооны курсийн үнэмлэхийг түрүүлж хэвлэлтэд өгдөг. Харин жижиг курсүүдийн үнэмлэхийг хэвлэх ажлыг тэдний дараа хийдэг талаар шүүмжлэлүүд байдаг.Тийм явдал гардаг юм уу?
-Номгон санчир, Билгүүн тулга гэсэн хоёр жолооны курсийг төгсөгчдийн үнэмлэх гараад бусад курсийн үнэмлэхийг хэвлэхгүй байгаа талаар хүмүүсийн дунд яриа гарсан тухай сонссон.Энэ хоёр курсийн тухайд олон төгсөгч төгсөж гардаг том хэмжээний авто сургуулиуд байгаа. Тэгэхээр үнэмлэх хэвийн гарч байх үед үнэмлэхний харьцангуй их гарч гарч байсныг нь хүмүүс буруу ойлгосон юм шиг байна. Түүнээс биш одоо ч гэсэн эдгээр курсуудийн үнэмлэх гарахгүй хүлээгдчихсэн л байгаа шүү дээ. Таван сараас хойш бүх л жолооны курсийн үнэмлэх хэвлэгдээгүй.Тэгэхээр иймэрхүү байдлаар ор үндэсгүй хардах, сэрдэх байдлаар худал мэдээлэл гаргаж иргэдийн толгойг эргүүлэхгүй байхыг хүсэе. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд ч мөн зөв мэдээллийг хүргээсэй л гэж хүсэж байна. Бэлдэцийн асуудал жигдэрвэл үнэмлэх цаашид хэвийн хэвлэгдэх боломжтой.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ