Египетийн цэргийн удирдагчдийг огцруулжээ

img

Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси армийн хүчний томоохон хоёр удирдагчийг албан тушаалаас нь буулгасан бөгөөд энэ үйлдэл нь “үндэстнийхээ эрх ашгийн төлөө” гэдгийг онцлон хэллээ. Өнгөрсөн жил Хосни Мубаракыг суудлаас нь буулгасны дараагаар түр хугацаанд засгийн эрхийг барьж байсан фельдмаршал Мохамад Хуссейн Тантави болон Египетийн армийн хүчний тэргүүн Сами Аннан нар суудлаасаа огцорсон юм. “Миний авсан энэ шийдвэр хэн нэг тухайлсан хүнд хандаагүй, мөн аль нэг институтыг гутаах гэсэн оролдлого биш юм. Мөн эрх чөлөөг боогдуулах ч миний зорилго биш. Би хэн нэгэнд сөрөг санаа агуулаагүй, харин миний зорилго энэ үндэстэн болон энэ улсын ард түмний эрх ашгийн төлөө юм” хэмээн Ерөнхийлөгч Мурси хэлсэн байна. Ерөнхийлөгч мөн армийн хүчнийг магтаж, одоо “улс үндэстнээ хамгаалах ариун үүрэгт” анхаарлаа хандуулах болно гэдгийг хэллээ. Фельдмаршал Тантавигийн орыг генерал Абдел-Фаттах аль-Сиси эзэлж, армийн хүчний дарга болон Батлан хамгаалах сайдын албыг давхар хаших болжээ. Фельдмаршал Тантави өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Армийн хүчний Дээд зөвлөлийн гишүүн генерал Мохамед эль-Ассарын хэлснээр энэ шийдвэрийг фельдмаршал болон цэргийн зөвлөлтэй зөвшилцөж байж гаргасан гэнэ. Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хэлснээр генерал Аннан болон фельдмаршал Тантави нарыг ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилж, Египетийн дээд шагналаар шагнасан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ