Шатарчид оюутны ДАШТ-д оролцохоор Португал явна

img

Оюутны дэлхийн аварга шалгаруулах Шатрын XII тэмцээн Португал улсын Гүэмараес хотноо 8 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд тус хотын хотын захиргаа, Португалын оюутны спортын холбоо, Минхогийн их сургуулийн удирдлага дор зохион байгуулагдана. Тэмцээнд 20 орчим орны 100 гаруй тамирчид оролцоно. Манай улсын оюутны багийн шатарчид 2010 онд Швейцарийн Цюрих хотноо болсон өнгөрсөн Оюутны ДАШТ-нд багаараа алтан медаль хүртэн, хувийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул аварга болсон сайхан амжилт үзүүлж байсан билээ. Харин энэ удаа ОУМ А.Энхтуул /ОХУ-ын Москва хотын Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан/, дэд мастер Б.Билэгжаргал/ Их засаг их сургуулийн оюутан/, дэд мастер С.Сарантунгалаг /ҮБТДС-ийн оюутан, дэд мастер Б.Ану /МУИС-ийн оюутан/ нар оролцоно. Эрэгтэй гурван тамирчин нь бүгд МУИС-ийн оюутнууд болох Б.Ариунбүүвэй, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар явна. Тэд Монгол улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон энэ тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Баг тамирчидын дасгалжуулагчаар, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, Олон улсын шүүгч П.Жигжидсүрэн удирдан явна. Тамирчид Хандгайт дах амралтын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын оюутны шигшээ баг нь анх 1994 оны Болгарын Софи хотноо болсон оюутны ДАШТ-нээс ОУМ Ц.Батцэцэг мөнгөн медаль, 2000 онд Болгарын Варна хотноо зохиогдсон тэмцээнд багаараа хүрэл медаль, 2002 онд Улаанбаатар хотноо болсон оюутны дэлхийн аваргын 7 дугаар тэмцээнд Монголын баг хүрэл, хувийн төрөлд ОУМ Б.Анхчимэг хүрэл медаль, 2008 онд ОХУ-ын Новокузнецк хотноо зохиогдсон ДОАШТэмцээнд багаараа хүрэл медаль тус тус хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон “Универсиад” наадмын шатрын тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох Универсиад наадмын хөтөлбөрт шатрын төрөл дахин орсон юм. Гүэмараес хот нь Португал улсын хойд хэсэгт Порто хотын ойролцоо оршдог ба 52 гаруй мянган хүн амтай, 23,5 км2 газар нутагтай үйлдвэржилт хөгжсөн хот юм. Португал нь оюутны спорт өндөр хөгжсөн улс бөгөөд 2 жил тутамд болдог оюутны дэлхийн аварга шалгаруулах олон удаагийн тэмцээнүүдийг амжилттай хүлээн авч явуулдаг бөгөөд энэ оны 7 сард заалны хөлбөмбөгийн оюутны ДАШТ зохиогдож өнгөрсөн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ