
Олимпийн наадмын албан ёсны далбаа 2016 оны Олимп зохиогдох Бразилийн Рио де Жанейро хотод хүрэлцэн очлоо. Рио хотын дарга Эдуардо Паес бусад албаныхан болон тамирчдын хамтаар онгоцноос далбаагаа намируулан буусан байна.
Далбааг ням гаригт Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд бамбар унтраах ёслолын өмнө ноён Паест гардуулан өгсөн билээ. Энэ явдал нь Рио хот 2016 оны наадмын бэлтгэл ажилд албан ёсоор орсныг илтгэж байгаа юм.
Бразил улс энэ удаагийн олимпоор 17 медаль авснаар 22-р байрт бичигдсэн бөгөөд Бээжингийн олимпийн амжилтаа хоёр медалиар ахиулжээ.
Рио нь Олимпийн наадам зохион байгуулах Өмнөд Америкийн анхны хот билээ. Одоо Олимпийн цэнгэлдэх хүрээлэн болон бусад барилгыг барих ажил юун түрүүнд тулгарч байгаа бөгөөд олон хүн энэ ажил цагтаа багтах эсэхэд санаа зовж байгаа юм.
Хотын зургаан сая иргэнд үйлчлэхэд хүртэл асуудал тулгардаг тээврийн хэрэгслийн асуудал мөн санаа зовоож байгаа ч хотын дарга хотын дэд бүтцийг өөрчлөхөө амласан байна. Мөн Олимпийн барилга байгууламжууд наадам эхлэхээс жилийн өмнө бэлэн болно гэдгийг Бразилийн Засгийн газар мэдэгдээд байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ