Афганистанд дэлбэрэлт болж, 48 хүн алагджээ

img

Афганистаны баруун өмнөд болон хойд хэсэгт хэд хэдэн дэлбэрэлт болж нийт 48 хүн амиа алдаж, 130 гаруй хүн шархаджээ. Дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийн ихэнх нь Рамадан сарын төгсгөлийг тохиолдуулан дэлгүүрээс баярын зүйлс худалдан авч байсан энгийн иргэд байжээ. Ираны баруун өмнөд хилийн ойролцоох хот Заранжид болсон дөрвөн амиа золиослогчийн дэлбэлэлтийн үеэр 36 хүн үрэгдэж, 12 хүн үүний дараахан хойд аймаг Кундузд болсон дэлбэрэлтэнд амиа алджээ. Кундуз хотын Дашт-е Арчи дүүргийн даргын хэлж буйгаар бөмбөгийг мотоцикл дээр суурилуулж, гол талбайгаар явсан байна. Хохирогчдын ихэнх нь жирийн иргэд байсан бөгөөд хүүхэд, хүнсний худалдаачид байсан юм. НАТО-гийн цэргүүд Афганы аюулгүйн хүчнийхэнд үүрэгт ажлаа шилжүүлэн өгснөөс хойш иймэрхүү халдлагууд удаа дараа гарах болсон байна. Афганистаны аюулгүйн албаны үзэж байгаагаар 14 орчим амиа золиослогч байсан байж болзошгүй гэнэ. Тэдний заримыг даваа гаригт баривчилсан бол мягмар гаригт мөн хэд хэдэн хүнийг нэмж баривчилсан байна. НАТО-гийн командлагч генерал Жон Аллен энэхүү дэлбэлэлтийг “санаатайгаар хийсэн масс аллага” хэмээн үзэж, Талибаны удирдагч Мулла Омарт хандаж энэхүү аллагаа зогсоохыг шаардсан байна. Эдгээр халдлагыг Афганы зэвсэгт хүчинд шургалан орсон урвагчид хийсэн хэмээн үзэж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ