
Гадаадын буюу хамтарсан хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд өдрөөс өдөрт олширсоор өдгөө 100 хол давсан гэх тоо баримт бий. Үүнээс ихэнхийг Хонконг, Солонгос, Хятад, Тайвань, Япон зэрэг орнуудын хөрөнгө оруулалттай болон эзэн, захиралтай үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлдэг юм билээ. Манай орноос ажиллах хүчээ хангаж буй эдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, үнэлгээ болоод ажлын байрны ахуй орчин, аюулгүй байдал, цалин хөлс, хоол унд, ажлын цаг баримтлал, өдрийн хуваарь нь ажилчдадаа тохирсон хангалтай сайн л гэдэг. Хяналт шалгалт ч цаг ямагт очиж шалган, байдлыг тодорхойлдог юм байх. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр үнэхээр ийм байж чадаж байна уу гэвэл арай үгүй. Үүнийг яг тухайн орчинд ажиллаж, хөдөлмөрлөж буй хүмүүс л гэрчилнэ. Ажилчдын ихэнх хувийг монгол охид залуус маань эзлэх бөгөөд цөөн хувьд нь гадаадын мэргэжилтэн, технологич, дарга, захирал нар орох нь тодорхой. Насны ангилал гэвэл, ажилчдын дийлэнх нь 16-25 насныхан байх бөгөөд тэр дундаа амьдралын боломж муутай, ар гэрээ авч явдаг, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сургууль соёлоосоо завсардсан их дээд сургуульд орж чадаагүй охид залуус болон тодорхой эрхэлчих ажилгүй хүмүүс эзэлдэг аж. Гонконгийн хөрөнгө оруулалттай “Тэмүүжин менч”, "Аосс", Хятадын хөрөнгө оруулалттай “Тинфаргармент",” Диорва Монгол”, “Сүйжин”, “Таван од", “Монгол Хун хуа” зэрэг оёдлын үйлдвэрүүд тодорхой хугацаанд ажиллаж байсан ч зарим нь үүд хаалгаа барьсан билээ. Харин энэ мэт хятад, солонгос эзэнтэй оёдлын үйлдвэрүүдийн талаар монгол ажилчдын яриа, тэдний үзэл санаа болон орчин нөхцлийнх нь байдал дээр үндэслэн авснаа дор сийрүүлье.
Анх тэднийг ажилд ороход өч төчнөөн урамшуулал, өндөр цалин хангамж амлаад л чухал хэрэгтэй гэсэн бичиг баримтуудыг нь хурааж авсны дараа оруулна. Оёдолчдыг зөвхөн мастерт хариуцуулаад орхих учир тэр л бүгдийг хуваарилдаг гэх. Нэг шугаманд монгол, хятад хоёр мастераас гадна тооцоо бодогч, чанар шалгагч, хятад хариуцагч гэх мэт “хурган" дарга нар олон бий. Эдгээрийн хатуу хяналтан дор ажлын цагийг ягштал баримталж, өндөр шаардлагыг нь хангах ёстой юм билээ. Гэвч ихэнхдээ мастеруудыхаа ая талыг харж, илүү дутуу ажлыг нь гүйцэтгэдэг нөхдүүд багагүй мөнгөөр үнэлэгдэх оёдол дээр суух “эрхтэй”-гээрээ ялгардаг гэж байгаа. Ажилчид энэ мэт хуваарилалт, үнэлгээний ялгавартай байдлыг нүдээр үзсэн хэдий ч хэл ам хийж зүрхлэхгүй, хоногийн хоолоо залгуулахын төлөө тэвчихээс өөр аргагүй байдаг гэх. Үүний зэрэгцээ ажлын цагаар ариун цэврийн өрөө рүү орох шаардлага гарвал заавал хэн нэг даргаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд үүнд нь ч бас өдрийн норм тогтоосон байдаг тул байн байн тийш зүглэх эрхгүй гэх. Өөрөөр хэлбэл, бие засах нь хүртэл “норм”-той учраас давсаг султай нэгэн бол өмдөндөө “тавиад туучих” өндөр магадлалтай болж таарна. Өөрт оногдсон ажлаа хийж амжихгүй бол хонож өнжин гүйцээх нь энүүхэнд бөгөөд сарын эцсээр бараа бүтээгдэхүүний ачилт явагдах дөхөх үед “гарц ахиулах” нэрээр ачаалал улам ихэснэ. Хонож ажилласан үед ажилчдад цайны мөнгө гэж 1000-1500 төгрөг өгөх тул түр амсхийх зуураа гаднаас бэлэн гоймон, гөөхий мэтийг буцалсан усаар даруулж хооллох нь элбэг гэсэн. Үнэндээ хоол битгий хэл, аяга ундааны үнэд ч хүрэхгүй жаахан мөнгөөр өөр юу авах билээ дээ. Ёстой л “цайны” гэдэг нэрэндээ таарсан мөнгө байгаа биз.
Монгол ажилчдыг ийн гол зогоож байхад эвхмэл хананы цаана суух хужаанууд тусгайлан бэлдүүлсэн тансаг хоолоо ихэмсэгхэн зооглодог юм билээ. Сүүлийн үед оёдлын үйлдвэрүүдэд “Хоол, унаа үнэгүй” гэсэн амлалтаас гадна “Ирцийн шагнал” гэх урамшуулал бас нэмэгдсэн гэх. Гэвч үнэндээ бол тэр урамшуулал нь үлгэр. Бүтэн сарын турш ажлын цагаа ягштал баримталж, үнэнч шударгаар ажилласан оёдолчид мөнгөний оронд ургамлын тос, хэдэн килограмм будаа мэтээр “амаа таглуулдаг” болохоо ний нуугүй ярьсан. Хятад удирдлагууд нь хүнсний хэрэгцээнээсээ илүү гарсан элдэв янзын зүйлээр ийн “урамшуулаад” л цааш хардаг тул монгол ажилчид гомдол гаргах хэцүү, байх ч хэцүүхэн хоцордог гэнэ.

Оёдлын цехийн нэг байранд 500 гаруй хүн ажилладаг тул маш бүгчим, элдэв янзын үнэр танар гэж хамар цоргиулахаас гадна салхин сэнс, агааржуулагч цөөн учраас цонхны дэргэд буй ажилчдыг бараг азтайд тооцмоор ч юм шиг. Хэл ус мэдэхгүй гадныхны нүдэн дээр монгол мастерууд бие биесээ өрсөн хэл амаа билүүдэцгээх нь бүр ч төвөгтэйгээс гадна оёдолчид гараа машинд эсгэх, толгой эргэх энд ердийн л үзэгдэл аж. Үүнээс гадна машин техникийн тос, элдэв химийн бодис, материалын будаг, орчны тоос шорооноос болж харшил өгөх, үс толгой халзрах, арьс хуурайших, тууралт гарах зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг болохыг ч нуусангүй. Эмнэлгийн анхан шатны өрөө байдаг ч мөнөөх “эмч” нь өвчтөнүүдээ тоохгүй, үзмэр маягтай тэгж ингэсхийгээд л аргалчихаа тун сайн мэднэ. За тэгээд, цалин хөлсний асуудал бол бүр ч маргаантай. Ажлын онцлогоос хамаараад янз бүр байх хэдий ч цалингаа цагт нь авна гэж даанч байхгүй гэх.
Оёдлын үйлдвэртээ амьдрах нь холгүй, нойр хоолоо умартан байж ажилласан монгол залуус “Цалин хэзээ буух бол” гэсэн горьдлого тээж, өрнөөс өрний хооронд “үсэрч” яваа нь ч нууц биш. Энэ бүхэнд ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой Үйлдвэрчний эвлэл нь юу ч хийдэггүй юм билээ. Ямар сайндаа л Нийслэлийн үйлдвэрчний төв зөвлөлийн шалгалт ирэхэд монгол, хятад дарга нар нь ёстой л өнөө “Ховор хүмүүс” кинонд гардаг шиг сандарч бужигнадаг аж. Энгийн цагт нүдний гэм болоод байсан амны хаалт, бээлий, хормогчийг харамгүй тарааж хэдэн муу оёдолчдоо “бүлтийтэл” нь гоёж аваад шалгалтынхны өмнө жагсаах нь халаг аашилна. Харин хятад, монгол мастеруудын гар хөл болсон зарим ажилчид зохисгүй үйлдлүүдээ “хав дарах”-ыг бусдадаа үүрэгдэх төдийгүй энэ ажлаа эв нь олдвол эвтэйхэн шиг магтаж орхидог гэсэн.
Хятад эзэнтэй оёдлын үйлдвэрүүдэд охид голдуу ажилладаг болоод ч тэр үү, ажилчдын дунд элдэв харилцаа үүсгэх асуудал элбэг байдаг аж. Үйлдвэрийн даргаас эхлээд мэргэжилтэн, чанар шалгагч хятадууд өөдөөс нь эгцэлж ч харж чадахгүй байгаа өсвөр насны охидыг оролдож, багахан хэмжээний мөнгөөр хуурч өвөртөө оруулсан жишээ олон бий. Тэр ч бүү хэл, зуныхаа амралтаар ажиллаж байхдаа үйлдвэрийн хятад мэргэжилтнүүдтэй дотно харилцаа тогтоосон оюутан охид хоолны мөнгөнөөс эхлээд сургалтын төлбөр хүртэл нэхэж ирдэгийг өвөрмонгол хэлмэрчид нь “цайны хачир” болгоод ярьж сууна.
Энэ мэт асуудлуудыг жижиг хэмээн үзвээс хамгийн ноцтой нь үйлдвэрийн осол гэмтэл. Машин техникт гар хуруугаа авах, цахилгаанд цохиулах, түлэгдэх гэх мэтэд удирдлагын зүгээс aнхaapaл тавина гэж горьдолтгүй. Харин ч бүр ажлын хариуцлага алдсан гээд халчих тохиолдол цөөнгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө "Монгол Хун хуа” нэртэй оёдлын үйлдвэрт цахилгааны саатлаас болж 18-20 насны хоёр охин амь насаараа хохирсон хэрэг гарсан.
Гэвч тэдний буруу үйлдлээс болсон хэмээн асуудлыг эргүүлж талийгаачдын ар гэрийнхэний сэтгэл санаагаар тоглосоор мөнөөх хятадууд ор сураггүй алга болсон гэдэг юм билээ. Тухайн үедээ дуулиан болж байсан уг хэргээс болж бусад үйлдвэрүүд “хумсаа нуусан муур” шиг ажиллаж ганц нэг гэмтэл ослоо үйлдвэрийн хэмжээнд авч үзэн хав дарах болсон.
Тэгвэл хэрэг осол гарсны хойно эрчим хүчний нэгэн байгууллагаас хэсэг ажилчид авчирч шалгалтынхыг ирэхээс урьтаж цахилгаанаа янзлуулснаар барахгүй тэр үеэр ирсэн байцаагч нарт их хэмжээний мөнгө атгуулсан тухай ажилчдын нэг нь нотлон ярьж байна. Энэ мэтчилэн үйлдвэрийг тойрсон, үйлдвэрийн хүрээнд эргэлдсэн асуудлууд үргэлжилсээр... Үүнд анхаарал хандуулах цаг нэгэнт болсон бөгөөд ажилчдын эрх ашиг байнга хохирч байгааг таслан зогсоож, энд тэнд орогносон элдэв үйлдвэрүүдийг цэгцлэхгүй бол эх нутагтаа байгаа хэрнээ харь улсад хоргодох мэт байдал газар авсаар л байх нь.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ