
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит XIII хурал өчигдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлыг Үндэсний хорооний дарга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулав. Хурлаар эхний хагас жилийн тайланг хэлэлцэж утааны улирал эхлэхээс өмнө шаардлагатай зарим арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх талаар холбогдох Нийслэл, БОАЖЯ, ЭБЭХЯ-дуудад үүрэг болголоо. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийт 15 нэр төрлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гэтэл “Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжын автобусыг хийн түлшинд шилжүүлэх”, “Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах", "Хийн түлш, нүүрсний гүн боловсрулалтын үйлдвэрлэлийг дэмжих”, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах” зэрэг дулааны улиралд хийж гүйцэтгэх ёстой ажлуудын тендер шалгаруулалт одоо болтол дуусаагүй байна.
Тэдгээр төслүүдийг гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх ёстой Нийслэлийн засаг даргын тамгын газар, БОАЖЯ, ЭБЭХЯ, Сангийн яам дээрх төслүүдийг тодорхой бус шалтгаанаар хойшлуулсан, саатуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцон мэдэгдэж, уг ажлуудыг энэ сард багтаан эцэслэн шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.
Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, нөөц бүрдүүлэх ажил тун удаашралтай явж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ойрын хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой “ДЦС-2” ТӨХК –ийг түшиглэн барьж байгаа жилд 210.0 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажил удаашралтай байгаа өвөл мөн л боловсруулсан түлшээр хангах ажлыг саатуулах төлөвтэй байна. Иймээс уг ажлыг цалгардуулж байгаа “ДЦС-2” ТӨХК-ний удирдлага, албан тушаалтан, төсөл хэрэгжүүлэгчдэд арга хэмжээ авч уг ажлыг эрчимжүүлэх бололцоотой арга хэмжээг авч ажиллахыг ЭБЭХЯ-д үүрэг болгосон. Мөн боловсруулсан түлшийг иргэдэд худалдаалах, түүнд олгох татаасийг батлав.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд нийслэлийн гэр хороололыг бүрэн хамруулж 2012-2013 онд багтаан сайжруулсан зуухаар хангаж дуусгахаар төлөвлөсөн боловч МСС-ийн “Цэвэр агаар” төслөөс нийлүүлэх сайжруулсан зуухны тоо буурснаас анх төлөвлөсөнөөс 30 орчим мянган зуух дутаж байгаа аж.
Иймд Үндэсний хорооноос нийлүүлэх боломжтой зуухны тоо, ширхэгээс хамааруулан эхний ээлжинд хамрагдах дүүрэг, хороодын жагсаалтыг тодотгон тогтоох, анх төлөвлөснөөс дутсан 30 орчим мянган ширхэг сайжруулсан зуухны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн шуурхай зохион байгуулж ажиллахыг НЗДТГ БОАЖЯ, ММСС-ханд үүрэг болголоо.
Нам даралтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд БЗД-ийн Ус-15 болон, Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох ажил хийж байгаа. Мөн энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр зарим томоохон халаалтын зуухнуудын шинэчлэлийг хийж байгаа нь сургууль, цэцэрлэг, цэргийн анги гэх мэт төсвийн байгууллагуудын нийт 10 орчим халаалтын зуухыг шинэчлэх юм. Нөгөөтэйгүүр гадаадын төсөл хэрэгжүүлэгчдийг татан оролцуулж, ММСС-аас халаалтын зуухны засвар шинэчлэлийн ажилд тодорхой хөрөнгийг зарцуулан халаалтын улирал дуусахаас өмнө 16 ширхэг томоохон нам даралтын зуухыг шинэчлэнэ. Эдгээр ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг анхааруулав.
Энэ жил жижиг ТҮЦ-ээс эхлээд гутал, дугуй засвар, ус түгээгүүр, дэлгүүр зэрэг бие даасан дулааны эх үүсвэр, зуухнуудыг утаагүй эх үүсвэрт шилжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд шаардаж, хэрэгжүүлээгүй газруудад торгууль ногдуулах болж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ