Н.Алтанхуяг: Төрийн өмчийн хороог шинэчлэхэд санал нэгдлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг өгсөн юм. Хуралдааны дараа тэрбээр сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.
-“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн өчигдөр ажлын хэсэг байгуулаад зарим яамны чиг үүргийн талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцая гэсэн байр суурьтай байсан. Бүтцийн асуудлаар санал солилцсон уу та?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн танилцуулгыг би сая “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцож хийлээ. Хоёр талаас 2-3 цаг хиртэй бүтэцийнхээ талаар ярилцахад ямар нэгэн санал зөрих асуудал бараг алга. Төрийн өмчийн хороо гэх мэтийн ганц нэг агентлагийг хэнд харьяалуулах нь зүйтэй вэ гэдэг санал гарлаа. Бусад асуудлыг нэг бүрчлэн ярилцаж тайлбарлаад санал бодлоо солилцоод нэгдмэл саналд хүрсэн. Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийг “Шударга ёс” эвслийн бүлэг үндсэндээ дэмжлээ. Зарим нэг агентлагийг хэнд харьяалуулах уу гэдэг асуудлыг дахин ярилцана.
-Аль агентлаг дээр тогтож ярьсан бэ?
-Төрийн өмчийн хороо өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын харьяанд байсан юм. Одоо энэхүү хороог Үйлдвэр худалдааны хөдөө аж ахуйн яам руу шилжүүлье гэсэн саналыг Ерөнхий сайд оруулсан юм. Төрийн өмчийн хорооны цаана хэд хэдэн улсын үйлдвэрийн газрууд бий. Харин “Шударга ёс” эвслийн зүгээс эл хороог өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа. Учир нь энэ хороонд төрийн өмчийн олон компани бий. Захирлуудыг томилох асуудлаас эхлээд төрийн мөнгийг шамшигдуулах, хээл хахууль авлига зэрэг олон асуудал гардаг учраас шинэчлэл хийх зөв гэсэн санал гарч байна. Тэгээд ч Төрийн өмчийн хороо байгуулагдсан цагаасаа хойш ихэнх үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ. Тухайлбал, өмч хувьчлалын асуудлаа шийдсэн. Тиймээс Төрийн өмчийн хороогоо задлах, зарим функцийг нь өөр газар руу шилжүүлэх зэргээр өөрчлөлт хийе гэсэн саналыг хэлж байна. Зөвхөн нэг яам руу бус харгалзах яамдууд руу нь шилжүүлвэл яасан юм гэх мэтээр шинэчлэлийг ярьлаа. Гэхдээ өнөөдрийн засгийн бүтцээр бол эл байгууллагыг бусад газрууд руу шилжүүлэх тухай ярилцах боломжгүй. Тэгэхээр аль нэг сайдад харьяалуулж Засгийн газраа байгуулсны дараа хэрхэн өөрчлөлт хийх талаараа хэлэлцэх юм. Тиймээс Төрийн өмчийн хороог өөрчлөхөд санал нэгдлээ.
- Сайд нарын нэрсийг хэзээ санал болгох вэ?
-Засгийн газрын бүтцийн тухай хууль байнгын хороогоор батлагдсаны дараа аль яамны сайдад хэн байх вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Сайд нарын асуудлыг “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намтай зөвшилцөөд Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж дуусаны дараа УИХ- өргөн мэдүүлнэ. Тэгэхээр сайд нарыг томилох нь бүтцийн дараа ярих асуудал.
-Ерөнхий сайдын мэдэлд аль агентлагийг харьяалуулахаар болж байна вэ?
-Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд шинээр газрын харилцааны асуудлыг нэмж байгаа. Учир нь газар олгох эрх аймаг, хот, дүүрэгт бүрт бий. Засаг захиргааны нэгжээр газар олгож байгаа нь газрын асуудлыг замбараагүй болж байгаатай холбоотой. Хоёрдугаарт, салбарууд газар олгодог. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуучлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Хөдөө аж ахуйн яам зэрэг салбарууд чиглэл чиглэлээрээ газар олгож ирсэн учраас бодлого нь үнэндээ алдагдсан байна. Иймээс бодлогын асуудлыг Ерөнхий сайдад харьяаллуулах нь зүйтэй гэдэгт санал нийлсэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Ерөнхий сайдын эрхлэх асуудалд нэмж усны асуудлыг хариуцуулах санал гарсан. Усны бодлого ч алдагдсан учраас шинэчлэлт өөрчлөлт хийх нь зөв гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайдад эдгээр асуудлыг хариуцуулна гэдэг нь газар олгоно гэсэн үг биш шүү дээ. Усны, газрын асуудлыг нэг мөр болгоё гэсэн үг. Өргөн барьсан бүтэцэд тендерийг зарладаг нэг томоохон агентлаг шинээр байгуулагдахаар тусгагдсан. Үүнийг уг нь Ерөнхий сайдын харьяанд байлгах чиглэлтэй байсан бол “Шударга ёс” эвслийн бүлгээс энэхүү асуудлыг Шадар сайдын харьяанд өгье гэсэн саналтай байна.
-Асуудал хэдийд тодорхой болох вэ?
- МАН-ын бүлгийн хуралд одоо би оролцож танилцуулга хийнэ. АН-ын бүлгийн хурлаар засгийн бүтцийг дэмжсэн. МАН-ын бүлгээр дэмжигдвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцээд эцэст нь чуулганаар оруулна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ