МоАХ-ны партизанууд талархав
Агаар нь цэвэр, амгалан аюулгүй орчинд иргэд нь авлига гэдэг дарамтгүй, ажилтай орлоготой, амины орон сууцандаа амьдрахын тулд нийслэлчүүд АН-ынхныг НИТХ-д үнэмлэхүй олонхи болгосон нь саяхан. Өөрөөр хэлбэл, дээрх 5 А-гийн асуудлыг АН-ынхан шийдэж чадна гэж итгэснийх.
Харин сонгуульд олонхи болохын тулд асуудлыг зөв өнцгөөс олж харж, голыг нь барьж авч, хэрхэн тоглолт хийх нь сонгуулийн ерөнхий менежерийн ажлаас хамаардаг. НИТХ-д АН-ынхны ялалт байгуулахад сонгуулийн Ерөнхий менежерээр ажилласан А.Гансүхийн хичээл зүтгэлийг журмын нөхөд нь мартсангүй. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан түүний өнгөрсөн сонгуульд гаргасан зүтгэлийг нь үнэлэн МоАХ-ны партизанууд нь талархал илэрхийлсэн байна.
Тэрхүү талархалд “Үүлэн чөлөөний нар шиг богино хугацаанд олдсон Ардчиллын богино замнал маань алдаа онооны дэнсэнд явж ирсэн. Монголчуудын хөгжлийн итгэл найдвар болсон ардчиллын ололт амжилтыг хамгаалах УИХ, НИТХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олуулаа яллаа.
2012 оны сонгууль бидний тэмцлийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн ялалт байлаа. НИТХ-ын сонгуулийг Ардчиллын анхдагч А.Гансүх та амжилттай удирдан ажиллаж, ялалт авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсанд баяр хүргэн, МоАХ-ны партизанууд бид энэхүү Талархлыг танд хадгалуулав” гэж дурдсан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ