
Тамхины савлагааг цулгуй байлгах буюу брендийн өнгө, логог савлагаанаас хасах тухай хуулийг Австралийн Засгийн газар өнгөрсөн жил санаачилсан юм. Тэгвэл энэ хууль Дээд шүүхээр дэмжигдэж байгаа аж. Цэцийн дийлэнх хэсэг энэ хуулийг үндсэн хуульд харшлаагүй гэж үзэж байна.
Шинэ хуулийн дагуу тамхины савлагаа чидун жимсний ногоон өнгөтэй, тамхины үр дагаврын талаар сануулсан зурагтай байх ёстой. Ингэснээр тамхины хэрэглээ багасна хэмээн Засгийн газар үзэж байгаа юм. Хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын нэгнээс эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөсөн байна.
Шүүхийн бүрэн шийдвэр арай гараагүй байна.
Дэлхийн тэргүүлэх тамхины үйлдвэрлэгчид болох “British American Tobacco”, “Philip Morris” зэрэг нь уг хуулийг эсэргүүцэж байгаа юм.
Тамхи үйлдвэрлэгчид энэ хуулийг маш муу хууль хэмээн үзэж байгаа бөгөөд компанийн логог арилгах нь тэдний ашгийг багасгахаас гадна хуурамч тамхи үйлдвэрлэгчидэд таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна гэлээ. Мөн энэ хууль нь үндсэн хуультай харшилж байгаа, оюуны өмчийн эрхэд халдаж байна гэсэн юм.
Австрали улс ийм төрлийн хууль санаачилсан явдлаараа анхдагч болж байгаа бөгөөд дэлхий нийт тэднийг ажиглаж суугаа. Хэдий Австрали нь тамхины зах зээлийн хувьд жижиг боловч энэ хуульд яаж хандсанаас хамааран тамхи үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд борлуулалтаа алдах магадлалтай гэдгийг ухаарч байгаа юм.
Хэрвээ хуулийн хэрэгжилт амжилттай байвал өөр бусад тэргүүлэх орнууд тамхичдынхаа тоог цөөрүүлэхээр тус хуулиас санаа авахад бэлэн байна.
“British American Tobacco” компани “Хэдий Засгийн газар бидний өмчийг хурааж байгаа боловч бид хууль захирамжид тааруулан, сав баглааг өөрчилнө” гэдгээ мэдэгдсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ