
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцооны дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж дуусчээ. Энэхүү баримт бичигт санал авах уулзалтыг өнөөдөр Их Тэнгэр цогцолборт болсон байна.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын удирдлага, манай улсад суугаа олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо хэлжээ.
Монгол Улс 1989 оноос хойш “төлөөллийн ардчилал”-ын хэлбэрээр дагнах, өөрөөр хэлбэл УИХ болон орон нутгийн парламентад иргэдээс сонгогдон гарсан төлөөлөгчид бүхий л шийдвэрийг дангаараа гаргаж ирсэн. Энэхүү төлөөллийн ардчиллын хэлбэр нь шийдвэр гаргах явцад намууд, тэр дундаа намуудын доторхи нөлөө бүхий бүлэглэлүүдийн ашиг сонирхол давамгайлахад хүргэж, нийгмийн суурь буюу иргэдийн ашиг сонирхол төрийн ба орон нутгийн бодлогод бүрэн тусгагдахгүй явсаар эцэстээ нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт газар авахад хүргэснийг энэ чиглэлээр хийсэн төрөл бүрийн судалгааны дүн харуулжээ.
2011 оны сүүлчээр Төсвийн тухай шинэ хууль батлагдан гарч, тус хуулинд “Иргэдийн оролцоо” гэсэн тусгай бүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар оруулан баталсан. Харин нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, түүнийг хянахад иргэдийг хэрхэн оролцуулах асуудлаар тусгайлан бодлого боловсруулж, шаардагдах төсвийг баталж өгөх явдал чухал гэдгийг уулзалтад оролцогсод санал нэгтэй хэлсэн байна.
Иргэд зөвхөн нийгмийн материаллаг баялгийн хуваарилалтад оролцох, түүний зарцуулалтад хяналт тавих нь хангалтгүй. Ардчилсан нийгэмд иргэдийн оролцооны олон салбар чиглэлүүд байдгийн тод жишээ бол эрүүл орчинд амьдрах эрхээ шаардах, мэдээлэл авах эрх, оршин суугаа нутаг дэвсгэрийн хөгжлийг хамтран төлөвлөх, төр засгаас гарч буй шийдвэр, хууль тогтоомжид саналаа оруулах, залруулах гэх мэт улс төрийн оролцооны эрхүүд хамгаас чухал болохыг ярилцжээ.
Иргэний оролцоогүй гаргасан маш олон шийдвэр тухайн улс үндэстний аюулгүй байдалд харшилж, улс төр, нийгэм-эдийн засгийн асар их хохирол учруулдаг гашуун туршлага байгааг зарим УИХ-ын гишүүд сануулаад хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар болжээ.
Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нар , аливаа шийдвэр гаргахдаа заавал хотын иргэдээр хэлэлцүүлдэг болохоор дүрэм журамдаа өөрчлөлт оруулах гэж байгаа тухайгаа дуулгасан байна.
Уулзалтын үр дүнд иргэдийн оролцооны асуудлаар улс орныг хамарсан хэлэлцүүлэг хийх, сургалт явуулах зэрэг бодитой ажлуудыг ойрын хугацаанд хийхээр боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ