
Зуны ХХХ олимпод манай улсын 29 тамирчин оролцон хоёр мөнгө, гурван хүрэл медаль, хоёр шагналт байртайгаар 56 дугаар байрт орсон бөгөөд анх удаа таван медаль хүртсэн билээ. Энэхүү наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртсэн Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая төгрөг хүртэх бол С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөгийн шагнал авахаар боллоо. Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир нарт Засгийн газар өмнө нь мөнгөн шагнал олгосон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ