
Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээний нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Харин тоглолтууд маргааш эхэлнэ. Арав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд оролцох манай шигшээ багийнхан МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Нийт 22 тамирчнаас 14 нь шалгарсан бөгөөд тодруулбал, О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ,Н.Ханбулаг,Ч.Энхтайван, Э.Энхтөгс,Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нар эх орноо төлөөнө оролцоно. Харин Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Б.Ганзориг, дасгалжуулагч А.Энхбаатар, Б.Үүрдсайхан нар ажиллаж байгаа юм байна.
Тэмцээний нээлтийн тоглолт маргааш 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн тоглолтоор эхэлнэ. Монголын багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийх юм. Тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10.00-20.00 цагийн хооронд болох аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох юм байна.
Энэ удаагийн тэмцээнийг 2010 онд болсон ААШТ-нд эхний дөрвөн байрт шалгарсан орнуудаар дөрвөн хэсгийг толгойлуулж бусад орнуудыг ямар хэсэгт орохыг сугалгаар шийдсэн юм. Харин тэмцээнийг зохион байгуулж байгаа орны хувьд Монгол улс давуу эрхтэйгээр аль хэсэгт орохоо өөрсдөө сонгосон. Ингээд сугалааг танилцуулж байна.
А хэсэгт Хятад, Гонконг, Ливан, Энэтхэг
Б хэсэгт Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Сири
С хэсэгт Тайвань, Индонез, Бахрейн, Монгол
D хэсэгт Иран, Казакстан, Филиппин, Саудын Араб
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ