
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулсан бол холбогдох хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг Хөдөлмөрийн яаманд хариуцуулж ерөнхий эрдмийн боловсролыг Боловсролын яамны харьяанд өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Ерөнхий сайд хэлэхдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тухайд санал нэгтэй байна гэхдээ эсрэгээр нь хийж байгаа гэв. Учир нь зохицуулалт хийхэд манай орны хувьд хараахан болоогүй гэсэн тайлбар өгөв. Түүнчлэн эл төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуун ямаанд 60 ухна гэгчээр яамдын тоог нэмж, байгаа нь зохисгүй байна. Яамдын тоо нэмэгдэх хэрээр сайд, дэд сайд нар бас нэмэгдэнэ. Яагаад дарга даамлуудын тоог нэмэх сонирхолтой байна вэ” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өмнөх Засгийн газарт 18 сайдтай ажиллаж байсан. Тиймээс зуун ямаанд жаран ухна гэх мэтээр биенээ муулах шаардлагагүй. Хамгийн гол нь хариуцлагыг сайжруулах нь чухал байна” гэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ