
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасныг хүлээн авах ёслол Төрийн ордонд боллоо. Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олимпийн баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболд, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид болон шигшээ багийнхан, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байна. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын хуралдааныг даргалахдаа хэлэлцэн дэмжсэн саналаа уламжилсан юм.
Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр дөрөв, мөнгөн медальтныг гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулж, харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Олимпийн зай, жинд алтан медаль авсан бол хоёр сая, мөнгө медальтанд нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар боллоо. Тамирчдад сар бүр, насан туршид нь мөнгөн урамшуулал олгох нь тэдний ахуй амьдрал, бэлтгэл сургуулилт зэрэгт ихээхэн нэмэр болж, улам их амжилт гаргах хүсэл, зоригийг бадраан, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах олон тамирчин төрөн гарахад томоохон түлхэц боллоо гэдгийг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, З.Ойдов, С.Батцэцэг, Н.Түвшинбаяр нарын Олимп, Дэлхийн аваргын медальтнууд хэлж байлаа.
Урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах бөгөөд урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байхаар болжээ.Урамшуулал олгох ажлыг 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.














Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ