Эквадор улс Ассанжид орогнох зөвшөөрөл олгоно

img

Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр байцаалгахаар гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн дагуу Их Британи Швед рүү шилжүүлэх гэсэн боловч Жулиан батлан даалтын хугацааныхаа үеэр Лондонд суух Эквадорын элчин сайдын яаманд орогносон билээ. Тэрээр Эквадор улсаас улс төрийн орогнол хүсч, зургадугаар сараас хойш элчин сайдын яаманд байгаа юм. Ийнхүү хүсэлтийн хариу хоёр сарын дараа гарч Эквадор улс Ассанжид орогнол олгохыг зөвшөөрснөө өчигдөр орой мэдэгдлээ. Гэхдээ энэ бүхэн хэргийг өөрчлөхгүй, түүнийг Английн хилийг давуулахгүй хэмээн Их Британийн эрх баригчид хэлж байгаа юм. Түүнийг Шведэд байцаалтанд оруулахаар хүлээлгэн өгвөл АНУ-руу шилжүүлэх болно хэмээн Ассанж эмээж байгаа юм. Ингэснээр түүний эрхэнд халдаж байгаа хэрэг болно гэснийг Эквадор хүлээн зөвшөөрсөн байна. Хэдий Эквадор улс зөвшөөрөл олгосон ч Ассанжийг элчин сайдын байрнаас гармагц Их Британийн цагдаа нар баривчлахаар бэлдэн байрыг бүсэлсэн байна. Их Британи улс өөрийн үүргийг биелүүлэх болно гэсэн байр суурьтаа баттай хэвээр байна. Эсвэл Эквадорын элчингийн дипломат статусыг цуцалж, байр луу нэвтрэн Ассанжийг баривчлах талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Шведийн Засгийн газар Эквадорын энэ мэдэгдэлд маш бухимдаж байгаагаа илэрхийллээ. Шведийн шүүх үйл ажиллагаа хэвийн явагдахад Эквадор саад хийж байна хэмээн Эквадорын элчин сайдыг тайлбар хийхийг шаардсан юм. Ноён Ассанж ням гаригт элчин сайдын байрны өмнө мэдэгдэл хийх талаар Wikileaks сайтын твиттер хуудаснаа бичжээ. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ