Цэцэрлэгүүд 22-24-ний хооронд бүртгэнэ
Энэ жил улсын цэцэрлэгүүд наймдугаар сарын 22-24-ний хооронд хүүхдүүдээ бүртгэхээр болжээ. Нийслэлийн боловсролын газрын дарга хүүхдийн бүртгэлийг хийх тухай зөвлөмжийг бүх цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байна. Жил бүр цэцэрлэгүүдийн бүртгэлийн хугацаа харьцангуй өөр, өөр байдгаас болж эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлж амжихгүй хоцрох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл энэ жил ийнхүү цэгцэнд оруулж тодорхой хугацааг заасан гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Өнгөрсөн жил 171 цэцэрлэгт 47646 хүүхэд хамрагдсанаас төрийн бус өмчийн 128 цэцэрлэгийн 8700 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байна. Харин энэ жил хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулах нь хараахан шийдэгдээгүй аж. Анги дүүргэлтийн хувьд хэт олон хүүхэд авдаг гэх иргэдийн гомдол байдаг. Нэг ангид 25 хүүхэд байх журамтай юм байна. Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч очих шаардлагатай гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ