
Хятад Япон улсуудын дундын маргаантай Сенкаку арал руу энэ долоо хоногийн эхээр хятадын эсэргүүцэгчид усан онгоцтой очин японы эргийн хамгаалалтынханд баривчлагдсан хэрэг гарсан билээ. Тэдний зарим нь арлаас усан онгоцоороо явсан бол заримыг нь японы тал хөөн гаргасан юм.
Тэгвэл тэдгээр эсэргүүцэгчид японы үндсэрхэг үзэлтэй бүлгүүдийг бухимдахад хүргэжээ. Тэд бямба гаригт Сенкаку арал дээр очин хятадын эсэргүүцэгчдийн адилаар өөрийн орны тугаа намируулан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн эсэргүүцэгчид Дэлхийн хоёрдугаар дайны үед тус арлын ойролцоо амиа алдсан япончуудын дурсгалыг хүндэтгэсэн юм.
Арлын маргаан сүүлийн үед хоёр орны харилцаа муудахад хүргэж байгаа билээ.
Япон улс Хятадад суугаа өөрийн элчин сайдаа өөрчлөх гэж байгаа тухай мэдээг японы Ёмиури Симбун сонин мэдээлсэн юм.
Элчин сайд Уичиро Нива энэ оны эхээр Токио хотын удирдлага тус арлуудын нэгийг худалдан авах гэж байгаа нь Япон Хятад улсуудын хооронд ноцтой хямрал үүсгэж болзошгүй хэмээн анхааруулсан билээ. Тус арлын тухай Токио хотын байр суурийг буруугаар ойлгууллаа хэмээн Японы Засгийн газар энэ явдалд их бухимдсан мэдээ байсан юм.
Асар их нөөц ихтэй энэ арлыг Хятад улс эрт дээр цагаас өөрсдийн эзэмшилд багтдаг байсан гэдэг бол Япон улс 1890-ээд онд хүн огт эзэлж суурьшаагүй гэдгийг батжуулсныхаа дараа тус бүсийг захирах болсон гэж үздэг байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ