Майкл Фелпс зар сурталчилгаанаас болж медалиа алдах уу?

img

Бүх цаг үеийн хамгийн их Олимпийн шагналтай тамирчны хувьд Майкл Фелпс томоохон брендийн нүүр царай болох нь цаг хугацааны л асуудал байсан билээ. Түүний тоглосон “Louis Vuitton” брендийн сурталчилгааны зураг энэ сарын 13-нд твиттерээр цацагдсан. Түүний усны онгоцонд суугаад хажуудаа тус брендийн цүнхийг тавьсан болон Олимпийн хамгийн олон шагналтай тамирчны алдарыг түүний өмнө зүүж байсан оросын алдарт гимнастикч Лариса Латынинагийн хамт авахуулсан хоёр зураг нийтлэгдсэн юм. Гэхдээ энэ явдал түүний медалийг хураалгаж магадгүй болжээ. Учир нь Олон улсын олимпийн хорооны 40-р дүрэм ёсоор тамирчид Олимпийн наадмын үеэр болон тодорхой хугацааг дуустал тамирчид Олимпийн бус сурталчилгаанд оролцохыг хориглодог байна. Энэ хугацаа нь 2012 оны долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 15-ныг хамарч байсан юм. Гэхдээ хэрвээ эдгээр зургуудыг өөр хөндлөнгийн этгээд хууль бусаар дэлгэсэн бол Фелпс медалиа алдахгүй. Фелпсийн төлөөлөгч Питер Карлайл энэ тухай ярихдаа “Фелпс энэ зургуудыг өөрөө тараана гэдэг нь утгагүй хэрэг. Зургийг нийтлэх эрх түүнд өөрт нь ч байхгүй. Өөр бусад алдартай тамирчдын нэр, зургийг ашигласан явдлууд энэ тэндгүй гарч л байдаг. Та гэртээ хулгай орохгүй гэдгийг баттай хэлж чадахгүй шиг үүнийг тамирчин хүн зохицуулах аргагүй шүү дээ” гэсэн байна. Мөн “Louis Vuitton”-оос уг зургуудыг нийтлээгүйгээ мэдэгдэж, нийтлэгдсэн хоёр зураг албан ёсоор сонгосон зураг ч биш байсныг хэлсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гайхалтай тамирчид
2012-08-19