
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалан эрхлэгчдэд болон малчдад хөнгөлттэй үнээр буюу зээлээр трактор олгож эхэлсэн. Нийт 8000 ширхэг тракторыг БНХАУ-аас оруулж ирэх аж.
Трактор нэг бүрийн өртөг таван сая төгрөг бөгөөд үүнийг авахын тулд тариаланчид таван сая төгрөгийн тал хувь буюу хоёр сая таван зуун мянган төгрөгийг банкинд тушаасан байх бөгөөд үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд барагдуулах боломжтой. Үндсэндээ гар дээр бэлэн 2,5 сая төгрөгтэй байхад л трактортой болчихно гэсэн үг.
Харин малчдын хувьд тракторыг махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор улсад 540-700 кг мах нийлүүлсэн байх ёстой. Тэгээд 2,5 саяыг өгөөд л болох аж.
Энэ нь хөдөө орон нутгийн амьдрал ахуйдаа арчаатай олон иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэхээр том боломж гэнэ. Тиймээс ч энэ сургийг сонссон иргэд хот руу шалавхан гарч тракторын араас ирсэн ч мөнөөх л төрийн хүнд суртал, шат шатандаа иргэдийг чирэгдүүлдэг элдэв асуудлууд тэднийг угтаж авчээ.
Уг нь трактор тараах ажил өнгөрсөн сараас эхэлсэн ч өнөөдрийн байдлаар гар дээрээ трактораа авсан иргэд цөөн байгаа.
Манай төр, нийгэмд ямар нэгэн ажлыг элдэв асуудалгүй хийж бүтээнэ гэдэг үнэхээр ховор болсныг бид эндээс харж болно. Албан тушаалтнууд хэдийгээр аман дээрээ асуудлыг цэгцэлж, шийдсэн гэх боловч бодит байдал дээр трактор тараах ажил нь иргэдийг чирэгдүүлж бухимдуулсан, авилга хээл хахууль, хүнд суртлын бас нэгэн цэг болсон гэх яриа олны дунд тараад байна.
Бид энэ асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн дэд захирал Ганчулуунаас тодрууллаа.
-Дугаар тараах ажил зогсчээ. Хэзээнээс эхлэж тараах вэ?
-ХХААХҮЯ-ны тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас эхний ээлжинд нэг зарчим барьж ажилласан. Энэ үед иргэдийн дунд бөөгнөрөл үүсчихсэн байсан. Орон нутагтаа тодорхой мэдээллээ аваагүй ирснээс болж хотод бөөгнөрөлийг үүсгэсэн гэж хэлж болно. Мөн бөөгнөрөл үүсэх нэг шалтгаан нь трактор дууссан, дуусах гэж байна гэдэг худал мэдээллийг сонсчихоод хүмүүс ихээр ирж байна. Нэгэнт нийслэлд ирчихсэн учраас буцах боломжгүй хэмээн зөрүүдлэх байдал ч хөдөөнийхнөөс гарч байна. Тракторын төлбөрийг хийх хоёр төрөл дээр хүмүүсийн хооронд мөн л үл ойлголцол үүсч байгаа юм. Улсад мах нийлүүлсэн иргэд бид махаа хавар өгсөн учир эхлэж авах ёстой гэсэн ойлголттой байгаа юм. Бидний төлөвлөснөөр "Эрин интернэйшнл" ХХК дээр нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой төвлөрч ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар бид асуудлыг цэгцлээд байна.
-Сүүлд дугаар авсан хүнд арын хаалгаар тракторыг олгож байна гэх хардлага иргэдийн дунд байна. 50-100 мянган төгрөгөөр дугаар зарж байна гэх ч яриа байна. Энэ тал дээр ямар хяналт тавьж байгаа вэ?
-Танил талаараа, мөн мөнгө өгөөд түрүүлж өгч байна гэдэг ор үндэсгүй яриа иргэдийн дунд яваад байгаа боловч өнөөдрийн байдлаар яг иймэрхүү байдлаар авчихсан зүйл огт байхгүй байна. Дарга, цэрэг ар өврийн хаалгаар авчихлаа гэсэн үнэн бодит мэдээлэл байх юм бол бид тухайн хүнд ажлын хариуцлага тооцно.
-Хуваарийн дагуу трактор авсан иргэдэд тармуур гэх мэт дагалдах хэрэгсэл нь дутуу очиж байна гэж байна. Энэ ямар учиртай вэ?
-Трактор олгож эхэлснээс хойш ийм асуудал гарсан нь үнэн. Урдаас ирэхдээ хадуур тармуур нь хоцорч ирсэн. 40 орчим трактор байгаа мөртлөө хадуур тармуур нь байхгүй. Энэ асуудлыг манайхаас нэг сумын 10 хүн байвал багцлаад араас нь өгч явуулах талын арга хэмжээ авах бодолтой байсан. Хадуур тармуур нь нэг хайрцгандаа арван ширхэг байдаг.
-Иргэдэд олгогдсон тракторын сэлбэгийг хэрхэн олгох вэ?
-Эхний ээлжийн сэлбэг урдаас гарсан, замдаа явж байгаа. 2012 онд багтаж засварын газар байгуулна.
-Нийт 8000 трактор орж ирхээс хэд нь ирсэн байгаа вэ. Дараагийн ээлжийн трактор хэзээ ирэх вэ?
-Наймдугаар сарын 20-нд 100 орчим орж ирнэ. Манай сангийн зүгээс урдаас ирэх тракторын тоог хуваарийн тоонд тааруулаад ХХААХҮЯ болон "Эрин интернэйшнл" ХХК-д зарлал тавих арга хэмжээг авч байна. Мөн телевизүүдээр энэ талын мэдээллийг хүргэх болно.
-Танай зүгээс хэрхэн авах талын мэдээллийг тааруу хийгээд байгаа юм шиг. Орон нутгийн иргэд мэдээллээ хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй Улаанбаатар хотод ирээд байгаа юм биш үү?
-Холбогдох хүмүүстэй утсаар ярьсан. Хөдөө аж ахуйн газрууд руу удирдамж явуулах маягаар. Тухайн аймагт хичнээн иргэн гэрээ хийсэн байна, хэдэн ширхэг трактор олгогдсон байгаа талын зөвшөөрлийн хуудастай хүмүүсийн өдрийг явуулах гэх мэт зүйлүүдийг удирдамжиндаа тусгаж өгнө.
-Трактор олгогдож эхэлсэн өдрөөс хойш “Эрин интернэшнл”-ийн гадаа эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Энэ байдлыг хэрхэн шийдэрлэсэн бэ?
-Эндээс хуваарь гарсан тохиолдолд тухайн иргэн хотод байгаад байх шаардлагагүй. ХХААХҮЯ-наас хувиар хийж байгаа. Төвөөс мэдээллээ авах хэрэгтэй.
-Тариаланчдын хувьд үлдсэн хоёр сая таван зуун мянган төгрөгийг ямар хугацаанд төлөх боломжтой вэ?
-Таван жилийн хугацаанд төлөх боломжтой. Энэ нь жилд таван зуун мянган төгрөгийг төлөх боломжтой гэсэн үг.
-Баталгаат хугацааа өгч байгаа юу. Тухайн техник эвдэрсэн тохиолдолд эвдрэлийг хариуцна биз дээ?
-Хятадын топ байгууллагын бүтээгдэхүүн юм. Манай нөхцөлд тохиромжтой. Ганцхан жил ашиглаад л хаягдах техник бишээ. Хятадаас орж ирлээ гэхэр л амархан эвдрэх хэврэг хэмээн бодоод байна. Гэмтэл гарсан тохиолдолд манайд мэдэгдэж хүсэлт гаргах хэрэгтэй. Трактор нийлүлсэн компанийн төлөөлөгчид үзэж, оношлон засвар үйлчилгээг хийж өгнө.
Ингээд трактор авахаар орон нутгаас ирээд байгаа иргэдийн сэтгэгдлийг асуулаа.
Төв аймгийн Угтаал сумын иргэн н.Доржсамбуу
-Та хаанаас ирсэн бэ. Ирээд хэд хонож байна?
-Төв аймгаас ирсэн. Ирээд хагас сар болж байна уу даа. Энд садангийн айлдаа ирсэн. Манайх трактор авахаар хоёр сая таван зуун мянган төгрөгийг банкинд тушаасан юм. Уг нь банкинд тушаасан баримтаа баталгажуулаад л болох юм шиг юм яриад байсан. Гэтэл хотод ирээд хөөцөлдөхөөр ажил бүтэхгүй л байна. Ямар ч байсан трактораа аваад л харина даа.
-Трактор тараах ажил эмх замбараагүй явагдаж байгаа талаар орон нутгаас ирсэн иргэд ярьж байна. Энэхүү ажлыг хариуцаж байгаа албан тушаалтнууд ямар нэг тайлбар өгсөн үү. Дугаар тараах ажил хэзээнээс зогссон юм бол?
-Өнгөрсөн долоо хоногт дугаар тарааж байгаад зогсчихсон. Яагаад зогсож байгаа юм бэ гэхээр бид дотоод ажилтай гээд ерөөсөө хэлж өгөхгүй юм. Хөдөөний бид ажлаа алдаад ирж байхад эрх мэдэлтэй хүмүүс нь ажлаа хийдэггүй хот газрын хүмүүс нэг иймэрхүү маягтай л байдаг юм байна. Улсаас бидэнд хямд үнэтэй трактороор хангаж байгаа нь сайхан хэрэг ч үнэн хэрэг дээр энэ ажил их л будлиантай эмх замбараагүй явагдаж байна. ХХААХҮЯ-ны үүдийг долоо хоног сахилаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Болдбаатар
-Трактор авах гээд дугаарлаж байна уу.
-Тиймээ. Энд дугаарлаж зогссон, хэрэг алга. Сүүлд номертой хүмүүс урдуур орж аваад байна шүү дээ. Гэтэл би гэрээсээ гараад арван тав, зургаа хоног ХХААХҮЯ, Эрин интэрнэшнл хоёрын хооронд гүйгээд ч трактораа авч чадаагүй.
-Дугаар зарж байгаа гээд байна. энэ хэр үнэн юм бол?
-Хаана, хэнд хэлэхээ мэдэхгүй юм. Өнгөрсөн сараас трактор тараах ажил эхэлсэн гэтэл хөдөөний биднийг хүн гэж тоож байгаа зүйл алга. Залуучуудын гарт үрэгдэх байлгүй. Тариалан эрхлэх сангийн хүмүүс бидэнд хариулт хэлэхгүй зугатаад байхад бид яах болж байна. Өдөрт зуун трактор тарааж байна л гэх юм. Гэтэл энд хичнээн хүмүүс дугаарлаж байгааг харж байгаа биз дээ. Ямар ч эмх замбараа алга байна. Тэгээд яаман дээр очихоор тодорхой хариулт өгөхгүй, холбогдох хүмүүс нь байхгүй байна гээд хөөж туугаад халуун нар, хүйтэн бороонд хэцүү байна шүү дээ. Бид малаа, хамаг ажлаа орхиод ирж байгааг бодолцох хэрэгтэй. Үнэхээр нарийн зохион байгуулалттай байх ёстой. Гэрээнийх нь дугаараар жагсаалт гаргаад өдөр өдрөөр нь хадчихад хүмүүс хэзээ авахаа мэдээд ирж болно. Ямар ч тийм зүйлгүй.
-ХХААЯ-тай гэрээ хийж байгаа биз дээ. Тэгэхээр энэхүү асуудлыг яам шийдэх ёстой?
-Яам энэ ажлыг мэдэхгүй гэсэн хариулт өгч байгаа. “Тариалан эрхлэх сан” мэднэ гэх юм. Харин тариалан эрхлэх сан болохоор яамнаас асуу гээд байна.
Төв аймгийн иргэн А.Сайнаа
-Та ирээд хэд хонож байна?
-Хотод ирээд 15 хонож байна. гэрээсээ гараад сар болж байна. Ирээд л трактораа аваад явна гэж бодож хүний машин гуйгаад ирсэн байдаг. Гэтэл газар дээрээ ирсэн юун трактортай манатай. Одоо ч трактораа аваагүй л байна.
- Гэрээнийхээ дугаараар авах ёстой биздээ?
-Уг нь гэрээнийхээ дугаараар авах ёстой. Гэтэл урдуур дайраад дээр нь ямар ч зохион байгуулалт алга. Яамнаас явж байна гээд өдөр бүр дарга нар ирдэг, тэгээд зөвшөөрлийн бичгийг нь хураах юм. Тэгээд трактораа аваарай гээд хэд хоног таг алга болдог. Бид юу болов гээд араас нь очиж асуух гэхээр өөрөө зугтаад утсаа унтраагаад алга болдог.
-Тракторыг мах тушаасан иргэд мөн авч байгаа. Гэтэл мөнгөө тушаасан иргэдийг хүлээлгээд байна гэж ярьж байна. Энэ ямар учиртай вэ?
-Тэр тийм л байх. Гэтэл бид ч бас мөнгөө тушаасан байхад мах тушаасан хүмүүст түрүүлж олгоод байх шиг байна.Тэгж болохгүй биз дээ. Хавар мах тушаасан гээд урдуур орж байгаа нөхдүүд зөндөө. Аливаа юм үнэн шударга явагдах ёстой, гэтэл арын хаалга дарга цэрэг, танил талаараа өгөөд дуусгах нь. Энд ард иргэдийг будлиулж байгаа зарим нэг хүмүүс байна. Д.Галсанбуян, н.Баярмаа гэх мэт холбогдох хүмүүс нь нар утсаа унтраагаад алга болно. Асуухаар би мэдэхгүй гээд л зугатаад байна. Үнэхээр ард иргэдээ бодож байгаа юм бол ар, өврийн хаалга гэхгүй өгчихөж болдоггүй юм уу. Бид бүр аргаа барж дууслаа.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ