Ассанж: АНУ Wikileaks-ийг мөшгөхөө зогсоо

img

Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож буй Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Ассанж өчигдөр яамны тагтан дээрээс мэдэгдэл хийжээ. Тэрээр яриагаа юун түрүүнд дэмжигчиддээ талархал илэрхийлж эхэлсэн юм. Их Британийн цагдаа нар элчин сайдын байр руу нэвтрэхгүй байгаа шалтгаан нь дэлхий нийт, та бүгд тэднийг харж байгаа учраас гэлээ. Венийн конвенцийн дагуу цагдаа болон аюулгүйн хүчнийхэн элчин сайдаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд элчин сайдын яам руу нэвтрэх эрхгүй юм. Их Британийн Гадаад харилцаа Хамтын ажиллагааны яам зөвшилцсөн шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа. Гэхдээ гэмт хэрэгтэн шилжүүлэх журмын дагуу үүргээ биелүүлж, Ассанж элчингийн байрыг орхивол баривчлах болно хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн Ассанж улс төрийн орогнол амласан Эквадорын ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлжээ. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ АНУ-д хандаж, Wikileaks-ийнхнийг мөшгөхөө зогсоо. Тус сайтад мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгагдаж баригдаад байгаа Бредли Меннигийг сулла хэмээн шаарджээ. Бредли Меннинг нь Иракт даалгавар биелүүлж байсан АНУ-ын тагнуулын шинжээч юм. Тэрээр цэргийн шүүхэд дуудагдаад байгаа билээ. 2010 онд АНУ-ын телевизд өгсөн ярилцлагадаа ноён Ассанж Меннингийн талаар огт мэдэгдэхгүй гэсэн юм. “Нэгдсэн улс манай ажилчид болон дэмжигчдийг, эрх мэдэлтнүүдийн нууц гэмт хэргийг илчилсэн сэтгүүлчдийг мөшгөхгүй гэдгээ дэлхий нийтийн өмнө амлах ёстой. АНУ-д өөрсдийг нь бий болгосон хувьсгалын утга учрыг дахин батлан харуулах уу, эсвэл сэтгүүлчид мөрдлөг мөшгилтөөс айж амаа хамхин, ард иргэд харанхуйд шивнэлдэх ёстой шударга бус, аюултай ертөнц рүү бид бүгдийг оруулах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна” гэсэн юм. Дипломат холбооны маш их мэдээллийг олон нийтэд дэлгэн хэд хэдэн засгийн газар, олон улсын бизнесийг байдалд оруулсан Wikileaks сайтыг АНУ мөрдөн шалгаж байгаа. Ноён Ассанжыг  мэдэгдэл хийсэнтэй давхцан Эквадорын Гуаякиль хотод Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоо улс төрийн орогнол олгосноос үүсэх дипломат харилцааны байр байдлыг хэлэлцсэн байна. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ