Шүүхийг шүүдэг гишүүд
АТГ болон шүүхийн байгууллагыг ажилтай болгож буй УИХ-ын эрхэм гишүүдийн холбогдсон хэргийн талаар дор сийрүүлье.
Б.Наранхүү банкны хэрэгт холбогдож байв
"Анод" банкыг дампууруулсан хэрэгт татагдсан эрхмүүдийн тэргүүн эгнээд “Мон-Уран” компанийн захирал өдгөө УИХ-д сууж буй Б.Наранхүү зүй ёсоор тооцогдоно. Прокурорын даалгавраар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татан шалгаж байсан цаг саяхан. Арилжааны томоохон банкнуудын нэг Анодыг үүсгэн байгуулах гэрээнд одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр Д.Энхтөр, “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир нар гарын үсэг зуржээ. Гэвч хувь нийлүүлэгчид бүх хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл авч байсан гэх баримт бий. Тэгэхдээ томоохон компанийн эзэд Д.Энхтөр нартай үгсэн хуйвалдаж тус банкийг санхүүгийн асуудал гарах үед нь их хэмжээний хувьцаа худалдан авдаг эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулахад тусалдаг байсан гэнэ. Дараа нь санхүүгийн асуудал намжихад их хэмжээний зээл авах зэргээр хуйвалдаан зохион байгуулсан тухай зарим учир мэдэх хүн гэрчилдэг. Тиймээс Б.Наранхүү, Д.Энхтөр нар олон мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баруун солгойгүй цацахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх. Өдгөө олон мянган хохирогчтой Анод банк дампуурсан хэрэгт Б.Наранхүү, Д.Энхтөр, Л.Чинбат нарыг холбогдуулан хоёр жилийн хугацаанд шалгасан боловч сонгуулийн өмнөхөн хэрэгт оролцоогүй гэсэн үндэслэлээр прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
З.Баянсэлэнгэ бас дахин шүүгдэнэ
Намын жагсаалтаар УИХ-д төвөггүйхэн гарч ирсэн З.Баянсэлэнгэ прокурорын биед халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхийн хаалга сахих болсон. Өдгөө МАХН-ын даргынхаа хэргээр барьцаалж байнгын хорооны даргын суудалд тухалсан түүнийг тус намын гишүүн М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нартай хамтатган шүүх юм. Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд тус шүүхэд болж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатар тэдэнд 1.2 жилийн ял төлөвлөж байсан билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэргийн бүрдэл хангаагүй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Харин улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэртэй санал нэгдээгүй бөгөөд Нийслэлийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард эсэргүүцэл бичсэн билээ. Түүний эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн юм. З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг хууль хяналтын байгууллагынхан саатуулах үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан төрийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан, 245 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр ял төлөвлөсөн юм. Хэрэв түүний гэм буруутай тогтоодвол гишүүний эрхийг нь түтгэлзүүлнэ. Нэмж дуулгахад, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хэлэхдээ “З.Баянсэлэнгэ Ганцхудгийн сувилагчаар ажиллаж байхдаа ажлаасаа хөөгдсөн нь үнэн. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа ноцтой асуудалд орж ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсан юм. Сурсан юмыг сураар боож болохгүйн үлгэрээр эрхэм гишүүн маань дахин шүүхийн хаалга сахихад хүрчээ.
Албан тушаалын хэрэгт Д.Хаянхярваа шалгуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас татаж хянаад удаагүй байна. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330.000 төгрөгийг Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670.000 төгрөг тараасан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн 150.2 буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт ял төлөвлөнө.Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол арван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлнэ.
С.Дэмбэрэлийг газрын наймаанд буруутгажээ
УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас намын жагсаалтаар сонгогдсон С.Дэмбэрэлд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутгаж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Хэрэгт холбогдох болсон үндэслэл нь С.Дэмбэрэл нь МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан хэрэгт холбогдоод байгаа аж. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Нийслэлийн про курорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Гэвч шүүхээс учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан гэнэ. Түүнийг УИХ-ын гишүүн болсон учраас хэрэг нь замхарч магадгүй гэж олон хүн хардаж буй.
Хэдийг УИХ-ын халдашгүй эрх гэж түүнд бий ч Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон ч шийдэгдэхгүй байдаг заалтыг хүчингүй болгосон. Тиймээс УИХ-ын гишүүн болж, тангаргаа өргөсөн ч байсан гэм буруутай нь тогтоогдвол ял шийтгүүлэх боломжтой юм байна.
С.Уянга хүний нэр төрд халдсан хэрэгт холбогдож байв
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэн УИХ-д орж ирсэн С.Уянга нөхөр А.Баатархуягийн хамт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд хэдэнтээ суугаад авсан. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон ч Г.Уянга, А.Баатархуяг нар дараагийн шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.
Сануулахад Чингэлтэй дүүргийн шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан хэрэгт гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр буруутган ялласан байсан билээ.
Тодруулбал, Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан. Мөн түүний нөхөр А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэнээр дээрх хэрэг анх үүссэн юм.
Тэд шүүхийн өмнө шүүгдэх бус хуулийг өөрсдөө ашигтайгаар тайлбарлаж шүүхийг шүүмжилдэг зангаа одоо эрхэм гишүүний сэнтийгээс бүр ч тавьж чадахгүй биз ээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ