
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн амралтын өдрөөр гэр хорооллын иргэдтэй уулзлаа. Тэрээр гэр хорооллыг өндөр хөгжилтэй орнууд шиг хаус хороолол болгох бүрэн боломж бий. Ингэхийн тулд дахин төлөвлөлт хийх шаардлагатай. Орон сууц биш газар үнэд орох цаг болсон. Газрын хэмжээ том жижгээс биш харин дэд бүтцэд хэрхэн холбогдсон сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй хэр ойр байгаагаас үнэ нь өсдөг дэлхийн жишиг байна. Ийм боломжийг иргэддээ олгохын төлөө ажиллах болно" гэсэн юм.
Нийслэлийн гэр хорооллын иргэдтэй уулзах энэ уулзалт Хан-Уул дүүргээс эхэлж Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэдтэй яриа өрнүүлсэн. Манай улс өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлт, хот байгуулалтын ноцтой алдаатай бодлого явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл нийтийн орон сууцаар хот байгуулалтыг төсөөлж байв. Өндөр хөгжилтэй орнуудын 90 хувь нь амины орон сууцанд амьдардаг. Энэ нь манайхаар бол гэр хороолол юм. Тэгэхээр иргэддээ амины орон сууцтай болгох ажлыг хотын захиргаа хийнэ. Инженерийн шугам сүлжээг татаж өгнө. Энэ бол үүрэг юм гэв.
Түүнчлэн хотын дарга Хан-Уул дүүрэгт баригдаж буй Монгол Германы хамтарсан “Эко Берлин” орон сууцны хотхонтой танилцлаа. Нарны эрчим хүч ашиглахын зэрэгцээ бохир усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах системтэй юм байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгуулага GTZ –ийн хотын хөгжил хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл энэ оны 12 дугаар сард дуусах юм. Өнгөрсөн хугацаанд төслийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж загвар байшинг барьжээ. Хэрвээ хот болон яамны зүгээс харилцан ойлголцож уг ажлыг үргэлжлүүлвэл нарны эрчим хүчээр гэрэл, цахилгаан, дулаанаа гаргах орон сууцтай болох боломжтой гэв.
Гэр хорооллын иргэдтэй уулзах энэ арга хэмжээний хүрээнд Хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэхь Баянхошууны гэр хорооллын усан хангамжийн сүлжээтэй танилцлаа. Энэ сүлжээ байгуулагдснаас хойш хашаа руугаа шугам татах санхүүгийн боломжтой 32 айл гэртээ цэвэр устай болжээ. Хэрвээ айлууд руу шугам татах хөрөнгийг нь шийдээд өгчихвөл гэр хорооллын айлууд хананаасаа усаа авчихдаг болох тухай яриа өрнөв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ