
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг өчигдөр Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хуралдаанаар хянан хэлэлцэн хоёр шатны шүүхийн шүүгчид хууль зөв хэрэглэн гэм буруутай үйлдлийг нь тогтоогдсон гэж үзсэн байна. Гэвч Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, тэнсэж тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэлээ.
Уг шийдвэр гарсны дараа тэднийг сулласан ч эл хяналтын шатны шүүхийн шийдвэрийг ялтан Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол эсэргүүцэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан нийт шүүгчдийн хуралдаанаар хавтаст хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлт хүргүүлэхээ мэдэгдсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, 263.2 албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 111.2-т зааснаар буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр хоёр жил дөрвөн сар хорих, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 133.1-т зааснаар гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус бүр хоёр жил хорих ял тус тус оногдуулаад байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ