УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дөнгөж сая эхэлж УИХ-ын дэд дарга Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргад сонгогдсон Ч.Улааныг үүрэгт ажлаас ч чөлөөлж өгөх хүсэлтийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм.
Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Намынхаа шийдвэрийг хүндэтгэж Сангийн сайдын албан тушаалд дэвшихийн тулд дэд даргаасаа татгалзаж байгааг хүндэтгэж байна. Маш их дэмжиж байна” гэв. Үүний дараа УИХ дахь МАН-ын гишүүн Ө. Энхтүвшин өөрийн намаас гаргасан мэдэгдлийг танилцуулсан юм.
Тэрбээр “Ард түмний санал үнэгүйдэж байгаатай холбоотой мэдэгдэл хийж байна. УИХ-ын даргыг шинээр сонгохдоо АН-ын гишүүд хуульд заасны дагуу бүх намуудтай зөвшилцөх ёстой байсан. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчин өөрийн намын эрх ашгийг хамгаалах, бусад намуудыг хооронд нь сөргөлдүүлэх хандлага сүүлийн үед харагдаж байна. Нэгэнт байгуулагдсан бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хяналтгүй төрийн мэдлийг авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Ардчилсан нам эл асуудлыг яаралтай шийдэхийг хатуу сануулж байна” гэв.
Эл мэдэгдлийн дараагаар УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар санал хураалтад 53 гишүүн оролцож 38 нь зөвшөөрч 15 нь татгалзснаар Ч.Улааныг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ