МАН мэдэгдэл гаргажээ
Чуулганы нэгдсэн хуралдааныг МАН-ын гишүүд орхиж гарсны дараа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ард түмний санал үнэгүйдэн, парламентын ардчилал хумигдаж байна гээд УИХ-ын дарга бол УИХ-д суудалтай намуудын үзэл бодлын зөвшилцлийг зохицуулан зуучлагч, парламент дахь улс төрийн соёлыг хадгалан илэрхийлэгч байх ёстой.
Гэтэл УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, парламент дахь олонхи, цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч нэгэн болгон хувиргалаа. Мөн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурван байнгын хороонд орж болох, байнгын хороо нь 10-19 хүнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулах болон УИХ дахь МАН-ын үйл ажиллагааг хясан боогдуулахад чиглэсэн үйлдлийг улс төрийн тодорхой зорилгын дор шат дараалан явуулж эхлээд байна. Засгийн газрыг байгуулахдаа УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг үл тоомсорлож, яамдын тоог бүлэг фракцын эрх ашигт нийцүүлэн бүдүүн Засгийн газар байгууллаа гэжээ.
Мэдэгдлийн төгсгөлд УИХ-ын дэд даргыг сонгох, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хүрээнд МАН-ын бүлгийг албан ёсоор зарлах зэрэг асуудлыг шийдэлгүйгээр анхдугаар чуулганыг хааснаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг шийдвэр гаргасан хуралдаан даргалагч хариуцах болно гэдгийг мэдэгдэж байна гэв.








С.Аня
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ