Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санал болгосноор УИХ-ын өчигдрийн хуралдаанаас нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томиллоо. Засгийн газрын гишүүн, Шадар сайдад нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, Сангийн сайдаар Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн С.Оюун нар УИХ-ын хуралдаанд оролцогсдын олонхийн санал авсан байна. Танхимаа бүрдүүлсний дараа шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлж, цаашид хийх ажил, зорилтын талаар товч танилцуулан, Монголын төлөө зүрхсэтгэлтэй хүн бүхэн халуун итгэл сэтгэлээрээ нэгдэж, гар гараасаа хөтлөлцөн шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн төлөө зүтгэхийг уриаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт Их Хурлын даргаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол ахан дүүс ээ, УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ес" эвслийн Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж их ажилдаа ханцуй шамлан орох цаг үе ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүмүүсийн бус харин Монгол орон, монгол хүн бүрийн  ашиг сонирхлын төлөөажиллана.Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэжбиш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно. Шинэчлэлээр овоглосон шинэ Засгийн газарт УИХ-ын гишүүд түлхүү орж ажиллахаар болсон. Шинэчлэл бүр шинэ хуулийн орчин, шинэ зохицуулалтыг шаардах учир ирэх дөрвөн жилд Их Хурал, Засгийн газар нэг хүн шиг нэг баг болж ажиллах бодит шаардлага тулгарч байгаа тул бид танхимаа ийм зарчмаар бүрдүүллээ. Шинэчлэл өөрөө шинэ зохицуулалт, шийдэмгий ажиллагааг шаардах учраас дангаар томилогдсон Засгийн газрын гишүүдээс илүүтэйгээр давхар ард түмнээсээ мандат авсан Засгийн газрын гишүүд ажиллах нь илүү зүйтэй гэж үзлээ. Бид хэлсэн үгээ хөрсөн дээр буулгаж хийсэн ажил болгохын тулд амралтаа багасгаж, ажиллах цагаа уртасгаж, ажлын өдрөө нэмэхээр шийдлээ. Харь газарт хийх айлчлал, холын хурал цуглааныг хойш тавьж, хүн ардынхаа дунд ажиллах, асуудал шийдэхийг чухалд тооцлоо. Ямар ч цаг үе өөрийн гэсэн гэрэл гэгээ, бас бараан сүүдэртэй байдаг. Гагцхүү түүнийг өөрчлөх чин сэтгэлтэй, урам зоригтнууд амжилтын төлөө тэмүүлж, гэрэл гэгээтэй, шинэ хуудсыг туурвиж байдаг учраас нийгэм урагшилж байдаг. Тэгвэл бид энэ удаа Монгол орныг бараан харагдуулж байгаа муу бүхнийг өөрчлөх, монгол хүнээ хөгжүүлэх шинэчлэлийн аянд хамтдаа мордохыг санал болгож байна. Манай  Засгийн газар доорхи гурван зорилтыг үндсэн бодлогоо болгон дэвшүүлж байна. Үүнд: 1. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, 2. Төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж,түмэндээ шударга ёсыг авчрах, 3. Нийгмээ үүрэг, хариуцлага, хяналттай болгох багц бодлого юм. Сүүлийн жилүүдэд олон арван ажлыг оронцоглож, нүглийн нүдийг гурилаар хуурч ирснийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тавьсан зам нь тал өдрийн борооноор угаагдан урсаж, барьсан барилга нь өндөр үнэтэй ч үнэндээ ямарч чанаргүй, хот, аймгийн тохижилт нэртэй төлөвлөлт, тооцоогүй төсвийн хөрөнгө үрж тарьж суулгасан хэдэн мод, зүлэг нь ганцхан жилийн настай гээд олон жишээ бий. Тэгвэл Монгол орны хөгжлийг хэн авч явах вэ? - Зарим хүн Засгийн газар, Их Хурал гэж хариулна. Энэ нь ч зөв байх, гэхдээ бүрэн хариулт бас биш. -Зарим хүн хувь хүний хучин зүтгэл гэж хэлнэ. Энэ ч зөв, гэхдээ ганц иргэн авлигын өмнө шуурган дундах лааны гэрэлтэй л ижил. -Зарим хүн нийгмийн халамжийн сайн бодлого гэж хариулдаг. Энэ нь зарим  талаараа зайлшгүй ч дан халамж Монголын маргаашийг  устгана. - Олон хүн уул уурхай гэж бас хэлдэг. Энэ өнөөдөртөө үнэн хэдий ч ирээдүйд өрөөсгөл юм. Харин Монгол орны хөгжлийг авч явах хүмүүс бол үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй монгол хүн бүхэн юм. Бид ажил орлогыг нэмэгдүүлнэ хэмээн бэлэн ажлын байр бий болгоод өгөх биш өөртөө ажлын байр бий болгохоор зүтгэж байгаа хүн бүрийг бодлогоор, хөрөнгөмөнгөөр, зохион байгуулалтаар дэмжихийг хэлж байгаа юм. Хөдөлмөр эрхлэх оргилуун эрмэлзлэлтэй хүмүүс л ажлын байр бий болгож, татварын орлогыг бүрдүүлж, өөр шигээ олон олон хүний амьдралыг дээшлүүлж, олон хүнийг өөрчилж чаддаг билээ. Эдгээр хүмүүсээ хуульчлагдсан хунд суртлаар дээрэлхэж, далайлгадаг асуудлыг бид эцэс болгоно. Бид өрх гэрийн жижиг бизнесээс эхлэн улс орны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг хүртэл төр, засгийн бодлогоор шударга дэмжин ажиллах болно. Их бүтээн байгуулалтын ажилд үндэсний аж ахуйн нэгжүүдээ оролцуулахыг тусгайлсан ээлтэй бодлогоор дэмжих болно. Хөгжиж байгаа Монгол Улсын тухай ярихын тулд бид эдийн засгийн өсөлтийг заавал авч үзэх хэрэгтэй. Эдийн засгийн тууштай өсөлтийг хангахын тулд инфляцийг хазаарлан барих хэрэгтэй. Өнөөдөр инфляцийг маш ихээр өсгөж байгаа махны үнийг манай Засгийн газар хазаарлах болно. Энгийн ухаанаар бодоход малаар баян Монгол, махны үнээс болж хямарч болохгүй. Үнийн өсөлтөднөлөөлдөг, бидний хяналтанд байдаггүй бас нэг асуудал бол шатахуун юм. Манай Засгийн газар улсынхаа нефть бүтээгдэхүүний хэрэгцээгболомжоороо дотооддоо үйлдвэрлэдэг болох, цаашлаад урт хугацаанд нефть, занар, нүүрсийг шингэрүүлэн боловсруулах замаар шатахууны хэрэгцээгээ өөрсдөө үйлдвэрлэж хангадаг болох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Бид ингэж чадсанаар үнийн өсөлтийг ард иргэдийн амьжиргаанд дарамт болголгүй, инфляцийг Засгийн газар хянаж байх боломжтой болно. Мөн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван тулгуурт эдийн засгийн бодлогыг ашиглан банкны хүүгийн түвшинг бууруулна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай Засгийн газар харилцан ашигтай, бодит ажил хэрэг болж чадах аливаа төрлийн бизнест таатай орчин бүрдүүлж гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй байх болно. Авлига байгаа газар шударга ёс байхгүй. Авлигыг бид хувь хүнээс гадна аргагүй байдалд хүргэж байгаа тогтолцооноос ч хайх хэрэгтэй. Аргагүйн эрхэнд авлига өгч байгаа иргэн хуулийн хариуцлага хүлээлгүйгээр өгсөн авлигаа хүлээн зөвшөөрдөг зөв орчинг бүрдүүлэхээс бид ажлаа эхэлнэ. Манай Засгийн газрын гишүүд авлигатай тэмцэхийн тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж “Тангарагийн гэрээ”-нд  гарын үсэг зурж  ажиллах болно. Төрийн данхайлт гэдэг эзэн нь тодорхой бус, эрээвэр хураавар бүтэц, олон арван лиценз, зөвшөөрлийг хэлдэг болохоос хариуцах эзэн тодорхой, үүрэг хүлээсэн яамдыг хэлэхгүй ээ. Өнөөдөр Монголд юу олон байна гэвэл төрийн албаны хүнд суртал, төөрч будилсан тогтолцооноос элбэг юм алга. Будилахгүйн тулд эхлээд буух эзэнтэй, буцах хариуцагчтай байх хэрэгтэй. Төрийн хүнд суртал авлигыг төрүүлдэг. Иймээс энэ удаагийн Засгийн газар ил тод, үүрэг хариуцлагатай, хяналттай, шуурхай бүтцийг бий болгож хүнээс бус тогтолцооноос, гарын үсэгнээс бус цахим засаглалаас,олон дарга дамждаг бус ганццонхноос ажлаа бүтээдэг төрийн үйлчилгээг бий болгоно. 3. Манай Засгийн газар хариуцлага гэдэг үгийг өмнөө тавьж, ажил болгоно. Тэрхүү үүрэг, хариуцлага нь тодорхой, хийх ажил нь ойлгомжтой, хүлээх шийтгэл нь шударга, өгөх урамшуулал нь ил тод байх болно. Хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд Засгийн газрын гол бүтэц болсон яамдын чиг үүргийг тодорхой болгож, олон салбар зэрэг хамаардаг яамдыг цэгцэлж, нэн шаардлагатай яамыг шинэчлэн зохион байгуулсан нь гадна талдаа яамдын тоог нэмж байгаа мэт харагдаж боловч бодит байдал дээр бид төрийн албыг илүү чадварлаг, цомхон, мэргэжлийн болгоход  анхаарч байгаа хэрэг юм. 1.Өнөөдөр байгалийн баялгаа ашиглан Монгол Улсаа үсрэнгүй хөгжилтэй орон болгох нь бидний ойрын зорилго юм. Харин бидний алсын хараа бол тогтвортой хөгжлийн төлөө “Ногоон эдийн засгийн хөгжил”-д чиглүүлэх. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэж өөрчлөн үндсэн чиг үүргийн яам болголоо. 2.Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох нь манай Засгийн газрын нэн тэргүүний зорилго учраас уг асуудлыг тусгайлан хариуцсан Хөдөлмөрийн яам байгууллаа. 3.Түмэн олон биднээс түүхэн шинэчлэлийг хүлээж байна. Өнгөрсөн 22 жилийн түүхэн дэх эдийн засгийн бодлого нь төсөв, мөнгөний бодлого байснаас биш хөгжлийн бодлого байсангүй ээ. Тиймээс Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам болгон өөрчиллөө. 4.Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ өргөжиж, дэд бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарал хандуулж байгаа бөгөөд төрөөс олон улсын зэрэглэлтэй төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө  гаргаж байна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 21 аймгийн төвийг хот шиг хот болгон хөгжүүлэхийн тулд төлөвлөх, барилгажуулах үүргээ бие даан хүлээж чадах яам шаардлагатай гэж үзэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг Барилга, хот байгуулалтын болон Зам, тээврийн яам болгон ажиллуулахаар шийдлээ. 5.Даяарчлагдаж буй өнөө үед Монгол хэмээх брэндийг дэлхий нийт, олон улсын түвшинд сурталчлан дэлгэрүүлэх, эх оронч үзэл, Монголоо гэх сэтгэлийг олон нийтэд төлөвшүүлэх нь Монголчууд бидний оюун санааны томоохон өөрчлөлт болох юм. Монголчууд олимпоос 5-аар тогтохгүй  медаль авдаг, жилд саяаар тогтохгүй жуулчин ирж Монголынхоо соёл, урлагийг дэлхий дахинаа таниулж чадсан цагт бид Монгол брэндийг бий болгож чадна. Иймээс энэ асуудлыг хариуцах Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгууллаа. 6.Өнөөдөр Монгол Улс уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа учир байгаль орчинд ээлтэй, орчин үеийн өндөр технологитой, хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Мөн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хөгжлийг хангахад эрчим хүчний шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Иймд Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн болон Эрчим хүчний яам болгож чиг үүргийг нь тодорхой болголоо. 7.Түүхий эдээ гадагш гаргаж алдагдал хүлээх биш нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон цогцолбор үйлдвэрүүдийг барьж байгуулах замаар Монгол орныг аж үйлдвэржүүлэх нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгон өөрчлөн байгууллаа. 8.Нөгөөтэйгүүр яамнаасаа том болж данхайсан 43 агентлагийн ажил, үүргийн давхардлыг арилгаж, хүнд суртлын шат дамжлагыг цөөлж 28 агентлагтай ажиллах зоримог шийдвэрийг та бид гаргаж чадлаа.  Ийнхүү хөгжилд хүргэх шинэчлэл, өөрчлөлтийн эхлэлийг тавьсан УИХ-ын гишүүддээ талархалаа илэрхийлье. Улс орон маань нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөтэй болж, хийж байгаа ажлын цар хүрээ, далайц ч өргөн болжээ. Энэ бүхэнд тэр хэмжээний мэдлэг, боловсролтой, чадвартай хүний нөөц, хүний нөөцийн бодлого юу юунаас чухал. Тиймээс мэдлэг чадвартай, Монголоо гэсэн сэтгэлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залууст манай Засгийн газар нээлттэй байх болно. Харин бялдуучлал, хувийн аахар шаахар ашгийн төлөө албан тушаал горилж, авсан ажлаа үүрэг биш авлигын үүд, хүнд суртлын үүр гэж хардаг тэр хүмүүсээр эгнээгээ зузаалахгүй. Шинэчлэлийн Засгийн газарт том, жижиг асуудал гэж байхгүй. Монгол иргэн бүрийн эрх ашиг хөндөгдсөн бүхий л асуудал Засгийн газрын АСУУДАЛ байх болно. Үүрэг биелүүлж ачаа үүрэхэд иргэн, дарга гэсэн зааг ялгаа байх нь зүйн хэрэг. Харин хариуцлага хүлээх, хуулийн өмнө эрх тэгш байх, монгол хүний эрхийг дээдлэн хүндэтгэх асуудал дээр иргэн, дарга хоёрт ямар ч ялгаа зааг байж болохгүй. Улсын хөгжил гэдэг ялсан нам, ялагдсан сөрөг хүчин хоёрын хэрүүл, сөргөлдөөнөөр хэмжигддэг зүйл биш ээ. Үүнд Монгол хүн бүрийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтой. Хүн бүр хууль,дүрэм, журмаа хүндлэн дагаж, ядуу доройгоороо түрий барих биш яавал ажилтай, орлоготой болохын төлөөзүтгэдэгбайж бид амжилтанд хүрнэ. Тэр зүтгэлийгтөр, засаг дэмжиж байж бидний шинэчлэлийн үр дүн гарна. Хөгжлийн шинэ шатанд гарах, бизнест таатай орчингбий болгох, төрийн авлига, хүнд суртлыг арилгах, төр, засаг нь иргэддээ ойр, нээлттэй,тунгалагтөрийнүйлчилгээг хүн арддаа хүртээх зорилгоор манайЗасгийн газар сар бүр нэг шинэ шинэчлэлийг хийх болно. Бид нэгдсэн нэг бодлогын төлөөнэг баг болж, нэг танхимын зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газар "Өнөөдөр"-өөрөөаргацаасан бус "Маргааш"-аараа ажиллах Засгийн газар байх болно. Олуулаа сайн сайхныг цогцлоон бий болгоход Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн бүхэн халуун итгэл сэтгэлээрээ нэгдэж, гар гараасаа хөтлөлцөн шинэчлэл, өөрчлөлт хөгжлийн төлөө зүтгэцгээе! Миний Монгол үүрд мандан бадраг ! Анхаарал тавьсанд баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dewi ahmad:
Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2 -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно. Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, таны зураг, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлагатай бол санал, 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь ямар ч валютаар 5 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг. манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих dewiahmad.loanfirmgmail.com
2016-08-24
Галигаагийн Баярсайхан:
УИХ-ын 17 гишүүн сайд болжээ. Хамгийн өндөр албыг хавсран ажиллаж чадна гэж зүтгэсэн бол, амрах цаг багаснаа. С.Баяр шиг байж болохгүй ээ.
2012-08-22
ganbat:
US dollariin xansh xadand garlaa Altanxuyagaa
2012-08-22
Та бүгдэд:
Би жирийн Монгол улсын иргэн. Сонгуулийн өдөр миний гарт ямар хүчтэй зэвсэг - үзэг байсан юм бэ Бидний гарт байсан үзэг 7 сарын 1 нд хүмүүсийн гарт байсан чулуунаас хүчтэй байсан байна. Би коминистуудыг ялсандаа баярласандаа уйлж байна
2012-08-22
ganbat:
US dollariin xansh xadand garlaa Altanxuyagaa
иргэн:
Амжилт хүсье дэвшүүлсэн зорилт болгон нь бүтэх болтугай.
2012-08-22
Nugasaa:
nariin bichguud ni shuud tosch avaad comment bichsen bna, ard tumniihee erkh ashgiin tuluu bj chadval ta nariig 4 baitugai 40 jil ordond suulgasan ch yahav dee.
2012-08-21
Zochin:
Алтанхуяг ухаантай ч хүн, улс орноо гэсэн сэтгэлтэй ч хүн. Амжилт хүсье.
2012-08-21
Хөгжлийн шинэ шатанд гарах, бизнест таатай орчингбий болгох, төрийн авлига, хүнд суртлыг арилгах, төр, засаг нь иргэддээ ойр, нээлттэй,тунгалагтөрийнүйлчилгээг хүн арддаа хүртээх зорилгоор манайЗасгийн газар сар бүр нэг шинэ шинэчлэлийг хийх болно.
2012-08-21
Amjilt hysye, sain uils delgereh boltugai,Ardchilaliinhan arai uuruur boditoor ajillaj amidral saijrulna gej bodood setgel hangaluun bna Tsuuhun humuusiig saihan amidruulahad yadah yum yu bh ve dee uul n sain hicheegeerei, urdniih shig chudurludug huibalddag garuudiig bugdiin hal
2012-08-21
Монгол иргэн бүрийн эрх ашиг хөндөгдсөн бүхий л асуудал Засгийн газрын АСУУДАЛ байх болно. mash zuv
2012-08-21
ehneesee avhuulaad tamirchidiig uramshuulj bgaa ni ih sain hereg shuuu hiij chadaj bgaa humuusiigee uramshuuld demjih heregtei
2012-08-21
zasgiin gazraas tavij bgaa 3 zorilgo ni ih taalagdaj bnaa yrij bichih bish ene buhnee mash chuhal ajil hereg bolgon zaaval heregjuuleeree ta buhend itgej bnaa
2012-08-21
Монголчууд бид ч азтай юмаа Ийм сайхан сонголт хийдэг Эртхэн л ингэх байсан юм МАН олонх болсон бол яанаа дахиад л 4 жил урт хугацаа шүү
2012-08-21
;;;;;;
2012-08-21
Олуулаа сайн сайхныг цогцлоон бий болгоход Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн бүхэн халуун итгэл сэтгэлээрээ нэгдэж, гар гараасаа хөтлөлцөн шинэчлэл, өөрчлөлт хөгжлийн төлөө зүтгэцгээе! Ene uneheer zuv shuu ted nar l hiihiig ni harad suuh bish bid ch gsn hamt zutgeh heregtei uuriinhuu tuluu hoich uyiinhee tuluu odoo l hudluh tsag ni
2012-08-21
ajiiig ch odoo hiigeed bhiin bgaal bizdee
2012-08-21
unshigch:
"...мэдлэг чадвартай, Монголоо гэсэн сэтгэлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залууст манай Засгийн газар нээлттэй байх болно. Харин бялдуучлал, хувийн аахар шаахар ашгийн төлөө албан тушаал горилж, авсан ажлаа үүрэг биш авлигын үүд, хүнд суртлын үүр гэж хардаг тэр хүмүүсээр эгнээгээ зузаалахгүй..." mash zuitei. gehdee ajil hereg bolgoh ni chuhal
2012-08-21
хулан:
Ерөнхий сайдын хэлсэн үгийг анхааралтай уншлаа. Хэлсэн үг, өгүүлбэр бүрт шинэчлэлийн уур амьсгал мэдрэгдэж байна. амжилт хүсье
2012-08-21
helgy:
Ямартаа ч түүний удирдсан Засгийн газар төрд дөрлөгдсөн бус нийтэд зориулагдсан албыг бий болгож, байгууллага хэсүүлж, хаалга сахиулдаг чирэгдлийг нэг цонхонд төвлөрүүлж, иргэнээ захирдаг бус иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийн буй болгоно хэмээн маш товч бөгөөд тодорхой амлалт өгөж байгаад талахаж байна
2012-08-21
Altanhuyag saidaa shiree shaaj yarih neg uur. Am ajil 2 ni zurj ard tumneeree togluuzai. Tani naad shadar saidaar tomilogdson Terbishdavga bol Zasgiin gazar bagiin toglolt gej yariltslaga ugsun shu. Togloomiin Zasgiin gazriig ard irged huseegui shu. Sain ajillah heregtei. Amjilt husie. Jiriin irgen bidend ih l huleelt baina daa
2012-08-21
huuhee:
za amjilt ta nariin her ajillahaas mongol ornii ireedui shaltgaalna shuu itgej baina
2012-08-21
irgen:
Shine zasag MAH-ii suuliin 10 jild tarisan novshiig tseverleerei. Yamd agentlaguudad ajil hiidgui buduun guzeetei darga nariig bugdiig n zailuulah. Ulsiin tosvoos nyagtlantaigaa huivaldaj hulgailj iddeg ihenh gazruudiin darga nariig eruugiin heregt tataj bugdiig n 10 jileer shorond horioroi!!
2012-08-21
Зочин:
Шинэчлэлийн Засгийн газарт амжилт хүсье. Ерөнхий сайдын хэлсэн үгийг анхааралтай уншлаа. Хэлсэн үг, өгүүлбэр бүрт шинэчлэлийн уур амьсгал мэдрэгдэж байна. Гэвч хэлэх нэг асуудал, хийх бас өөр зүйл болохоор ард түмэн Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт шинэчлэлд байнга анхаарч, дэмжиж ажиллах буй за. Та бүгдийн хийхээр төлөвлөж буй ажлын эхлэл зөв харагдаж байгаа шүү. Амжилт!!!!
2012-08-21