
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн. Энэ нь ч үнэн юм. Үүнтэй холбоотойгоор Х.Оюунчимэг хэвлэлийн хурал зарлаж, хоёр асуудлын талаар ярилаа.
Нэгдүгээрт АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгаж байгаа талаар тэрбээр ярьсан юм. Албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 2008 онд зурагчин н.Сүх-Очиртой гэрээ хийж 2012 оны зургадугаар сар хүртэл хамтран ажиллаж байгаад, гэрээгээ цуцалсан. Тухайн зурагчныг хувийн зохион байгуулалтын зүгээс хуримын ордны дотоод журмыг зөрчиж, согтуу ирэх, ажилчдыг уруу татаж архидан согтуурах асуудлыг удаа дараа гаргасан тул ийнхүү гэрээгээ цуцласан гэнэ.
Мөн нэг том шалтгаан нь хувийн байгууллагад зураг авах эрх өгсөн хэмээн аудитын газраас удаа дараа болиулах шаардлага тавьжээ.
Х.Оюунчимэг: “Улсын үйлдвэрийн газар хирнээ өөрийнхөө бололцоог ашиглан орж байгаа орлогыг улсад оруулж яагаад болдоггүй юм бэ гэдэг хоёр асуудлыг тавьсан учраас Сүх-Очиртой хамтарч ажиллаж байсан гэрээгээ цуцалсан юм. Гэтэл Сүх-Очир нь гэрээ цуцалснаас хойш хувийн өс хонзон санаж намайг хувьдаа 23 сая 750 мянган төгрөгийг завшсан мэтээр АТГ-т өргөдөл гаргаж шалгуулж эхэлсэн. Эцсийн шатанд шүүхээр шийдэгдээгүй байгаа ч ерөнхийдөө намайг буруугүйг тогтоосон шийдвэр гарах юм.
н.Сүх-Очирын хувьд юу юуны духанд хүрэлгүй бүх сайтуудаар миний нэр төрд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл цацаж байгаад миний зүгээс гомдолтой байна. Би хуримын ордны даргаар 36 жил ажилласан, тийм учраас намайг ажиллах боломжгүй боллоо гэтэл би ажлаа хийх болно. Шүүхээс эцсийн шийдвэр гарсний дараа би нэр төрөө сэргээлгэх болно гэдгээ хэлж байна” хэмээсэн юм.

Э.Сувд
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ