
Монголын төрд шинэ давалгаа орж ирлээ. Ард түмэн шударга ёсоор цангасны бодит нотолгоо нь өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүн болсон. Ардчилал гэдэг ойлголтыг улстөрчид өөр өөрийн өнцгөөс хичнээн тайлбарлаад ч амьдралд наалдсангүй. Харин Монголын нийгэмд ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ тулжээ. Австрийн философич Ханс Хельсен, ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь үүний илэрхийлэл юм.
2012 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд мөнгө амлаагүй нь эрх баригчдад нэгийг бодогдуулсных биз. Гэхдээ манай улс төрд өмнөх засгаа муулдаг, үгүйсгэдэг бүдүүлэг араншин ул мөрөө гүнзгий үлдээжээ. Зөвхөн өмнөх дөрвөн жилээ аргацаахыг хичээж, ард түмэнд гоё харагдах дүр эсгэдэг. Аливаа улс төрийн нам улс орноо хөгжүүлэх цэгцтэй бодлого хэрэгжүүлье гэвэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээ зайлшгүй тодорхойлсон байх учиртай. Энэхүү тэргүүлэх чиглэлийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос боловсруулсан нь Н.Алтанхуягийн танхимын анхааралд эрхбиш өртөх болов уу хэмээн найдна.
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд “эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал” багтдаг. Мөн “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгасан стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ.
Манай улс ирэх таван жилд хөгжлийн дараах таван тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх юм байна. Эдгээрийг нэгдүгээрт, монгол хүнийг хөгжүүлэх, ажиллаж амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт, хүнд ээлтэй сайн засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, гуравдугаарт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих. Дөрөвдүгээрт, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, тавдугаарт, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ гэж заасан байна.
Томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас нэрлэхэд монголчуудын ахуй амьдрал, улс орны эдийн засгийн хөгжилд дорвитой үсрэлт хийх үндэс суурь тавигдах ажээ. Эдгээр нь үндсэндээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын нуруун дээр бууж байна.
Улаанбаатар хотод төрөх эмнэлгийг шинээр, орон нутагт нийлбэр дүнгээр 410 ор бүхий төрөх ес, халдвартын 10 эмнэлэг барихаас гадна сумын 71, сум дундын зургаан эмнэлэг, бүсийн оношлогооны зургаан төв байгуулна. Нийслэлд хичээлийн 40, цэцэрлэгийн 66 байр, аймаг орон нутагт 85 сургууль, 69 цэцэрлэг, 68 дотуур байрыг нэн түрүүнд барьж байгуулна. Мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд зориулан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 28 төв байгуулж, улсын төсөв болон улсын тусламж, санхүүжилтээр дэмжинэ.
Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Төрөөс үзүүлж буй аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч буй бараа, ажил үйлчилгээнд олон нийтээс хяналт тавих боломжийг бүрдүүлнэ. Төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын эрх мэдэл, ажил үүргийг шат дараалан өргөжүүлнэ.
Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтыг 2012 онд эхлүүлж, 2013 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлнэ. Сайншандад коксын үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, тэдгээрийн дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжийг багтаасан хүнд аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар, дэд бүтцийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулж, түүхий эд, зах зээл, тээвэрлэлтийн найдвартай, тогтвортой тогтолцоог бий болгох эрх зүйн орчин бүрдүүлж, гадаад худалдааны татвар, тарифын бодлогоор дэмжинэ. Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, 2016 он гэхэд нэг сая тн ангижруулсан төмөр үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийг түшиглэн хар төмөрлөг, ган металл эд ангиуд үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийн эхлэлийг тавина. Дархан, Чойбалсан хот, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний зарим хэсгийг нүүрсийг боловсруулах замаар гаргаж авсан шингэн түлшээр хангана.
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг 2015 он гэхэд дотооддоо 100 хувь боловсруулах хүчин чадлыг бий болгоно. Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатарын ногоон бүсээс нүүлгэн шилжүүлж, Эмээлтэд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор, кластерийг байгуулна. Бороогийн хөндийд эм, биобэлдмэлийн, Дархан-Уулд газар тариалангийн, Ховд аймагт хөдөө аж ахуйн биотехнологийн чиглэлийн, Дорнодод цэвэр хүнс, биоматериалын шинжлэх ухаан технологийн паркуудыг, Шивээтийн хөндийд мэдээллийн технологи (Цахиурт хөндий)-ийн парк байгуулна. Орон нутагт шохойн ордуудыг ашиглан нэг сая тн-ын хүчин чадалтай цементийн үйлдвэр хоёр, 100 мянган тн-ын хүчин чадалтай цементийн үйлдвэр гурвыг шинээр барьж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэл хийж, цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангана.
Өмнийн говийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц, Оюутолгойн ордын дэргэд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Цагаансуврагын хоёр хэлхээт 220 кВ-ын ЦДАШ, дэд станцыг барьж, төвийн эрчим хүчний системтэй холбоно. Улаанбаатар хотод V цахилгаан станцын 450 МВт-ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг ашиглалтад оруулна. Төв аймагт 50 МВт, Сайншандад 52 МВт-ын хүчин чадалтай паркийг төрийн дэмжлэгтэй байгуулна. Алтанбулаг-Замын-Үүдийн 997 км хурдны автозамыг барьж байгуулах ажлыг барьж эхлүүлэх, нийслэл хот, аймгийн төвүүдийг холбосон автозамыг барьж байгуулах замаар улсын чанартай хатуу хучилттай автозамын сүлжээний уртыг 8000 км-т хүргэнэ. Тавантолгой-Цагаансуврага-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45,5 км, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж, Хөөт-Тамсаг булаг-Гөмрөг чиглэлийн 380 км, Хөөт-Бичигт чиглэлийн 200 км төмөр замыг барих бэлтгэл ажлыг хангаж эхлүүлнэ.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг бүл нэмсэн шинэ Засгийн газар хэрэгжүүлэхэд хүч чадлаа дайчлан ажиллаж чадвал “хүн шиг амьдарч, улс шиг хөгжих” цаг ойртох буйзаа.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ