
Хууль сахиулах болон гүйцэтгэх байгууллагад тангараг өргөөд ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд цөөнгүй гарсан. Тэдний хэргийг шалгах явцад зарим нь хэрэгсэхгүй болдог бол зарим нэг нь төрийн нэрийн өмнөөс шүүгдсэн тохиолдол ч бий. Тэрхүү хэргүүдээс шүүхийн нэхэн сануулья.
Самарчдаас авлига авагчид
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байхдаа оргон зайлсан Х.Амартүвшинг саяхан цагдаагийнхан баривчилжээ. Хятадуудтай сүлбэлдэн хуурамч баримт бичиг ашиглан зохион байгуулалтай гэмт хэрэг үйлддэг байсэн эл этгээд 1995-2008 оны хооронд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Тиймээс хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг танилуудтайгаа хуйвалдан жонш нэрийн дор их хэмжээний самар хил давуулсан хэрэгт татагдан шалгагдаж байгаа юм.
Тэрбээр гэмт хэрэгт татагдаад байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлж улмаар өөр өөр нэрээр, нууц хаягаар амьдарч байсан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж хагас жил эрэн сурвалжилсны эцэст баривчилжээ. Хууль сахиулах үүргээ умартан зохион байгуулалтайгаар 27 вагон самрыг хил давуулсан эл этгээд өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байна.
Генерал, хурандаа нар ял сонсов
2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагууд анхан шатны шүүхээс ял сонссон хэрэг нэг хэсэг дуулиан дагуулсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболдод 3.6 жилийн хорих ял, хурандаа Ш.Батсүхэд 3.6 жил, дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жил, дэд хурандаа О.Зоригтод 2.6 жилийн хорих ял сонссон юм.
Шүүгдэгчдэд Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил ажиллаж, Ш.Батсүхэд н.Алтан-Өлзий, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан тэдний хэрэгтэй Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн танилцаж буй. Тэрбээр ээлжийн амралттай байгаа тул шүүх хурлын тов гарах хугацаа тодорхойгүй байна.
Шүүгчийн хэргийг хэлтрүүлэв
Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж байв. Шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдсон хэрэгт яллуулсан юм.
Тодруулбал, хэрэгт холбогдсон Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.АлтанОд, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 төгрөг, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Бат мөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм.
Түүнээс гадна 2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ мөнгө хэрэгтэй байгаагаа тус хэргийн холбогдогчид хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон аж.
ХанУул дүүргийн шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж тус бүрт нь хоёр жил хорих ял оноож байсан боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин хэлэлцэхээр болоод байсан юм.Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийн хэлэлцээд Д.Оюунжаргалд хоёр жилийн хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялыг нь өршөөж тэнсэн харгалзахаар болсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ