
Монголчууд бид түүх, соёлын хосгүй их өв уламжлал, дурсгалтай ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийг хараа хяналтгүй, хууль бусаар хил давуулан гаргаж байна гэсэн мэдээллүүд үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов. Улмаар ямар бүтээл алдагдав хулгайчийг олсон уу, түүнд ямар ял оноов гэсэн яриа өрнөөд энэ сэдэв хаагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ гадаадад гаргаад байна, хууль бусаар хил давуулаад байна хэмээн ярьж байх зуур эх орондоо хадгалагдаж байгаа соёлын өвүүд аюулд өртсөөр, аврал эрсээр. Түүхийн ховор, үнэ цэнэтэй зүйлсээ хадгалж, хамгаалж байна гээд нэг шавар байшинд өрж тавьчихаад амар жимэр сууж байх ёсгүйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн нэгэн шалгалтын дүн мэдээ харуулж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээний 401 барилгад тус газраас шалгалт хийхэд 117 нь газар хөдлөлтийн арга хэмжээ аваагүй, 77 нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурсан буюу нийтдээ 194 барилга ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахгүй байжээ.
Улсын хэмжээнд төрийн өмчит соёл урлаг, үзвэр үйлчилгээний нийт 401 барилгаас 1970 оноос өмнө ашиглалтад орсон 117 барилга байна. Энэ нь нийт шалгалтад хамрагдсан соёл урлаг, үзвэр үйлчилгээний барилгын 29.2 хувийг эзэлж байгаа. Харин 1970 оноос хойш ашиглалтад орсон боловч барилгын техникийн хяналтын улсын байцаагчдын үзлэг шалгалтын явцад барилгын үндсэн хийц бүтэц, эвдэрч гэмтсэн, хөгц мөөгөнцөр үүссэн, хагаралт цууралт үүссэн, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй болсон соёл урлаг, үзвэр үйлчилгээний барилгууд 49.2 хувийг эзэлж байна. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Спортын төв ордон, Монгол Цэргийн музей, Чойжин ламын болон Богд хааны музейн барилгууд болон Төв, Архангай, Сэлэнгэ, Увс, Ховд зэрэг аймгийн соёлын төвийн барилгууд нурахад ойртоод байгаа гэсэн үг.
Он дарааллын хувьд авч үзэхэд Байгалийн түүхийн музей /1956/, улсын хосгүй үнэт соёлын өв болох "Ганжуур", "Данжуур", "Алтан товч" зэрэг алт, мөнгө, зэс, шүр, оюу зэрэг есөн эрдэнээр бүтээсэн дэлхийд ганц байдаг ном судрууд, урлагийн бүтээлүүд хадгалж байгаа Монголын үндэсний номын сан /1949/, Чойжин ламын сүм музейн барилгууд /1904/, Богд хааны ордон музей /1904-1908/, Дүрлэх урлагийн музей /1905/ зэрэг барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй байгаагаас түүхийн хосгүй бүтээлүүд эрсдлийн байдалтай байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон байгаа юм.
Хэдхэн сарын өмнө Монголын говиос олдсон "Тиранозарус Батаар" хэмээх үлэг гүрвэл Нью-Йоркт дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байна гэх мэдээлэл гарч үүний араас холбогдох хүмүүс нь сураг ажиг тавьсны эцэст манай улсынх гэдэг нь албан ёсоор тогтоогдсон. Одоо энэхүү олдворыг эх орондоо авчрах асуудал ид яригдаж байна. Гэтэл уг олдворыг авчирсан хойно байршуулах, хадгалж, хамгаалах газар манайд байхгүй гэж байгаа. Шинжлэх ухааны академи, Палеонтологийн төв лаборатори, музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа "Монголд музейн үзмэрийг олон нийтэд хүргэж чаддаггүй. Дэлхийн хэмжээнд музейн үзмэрийг маш өндөрт хадгалж, хамгаалж, олон нийтэд сурталчилдаг. Өндөр хөгжилтэй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувийг түүх соёл, музейн салбартаа зарцуулдаг гэдэг. Харин манай оронд нэг хүрэхгүй шахам хувийг зарцуулдаг. Хамгийн гол нь Монгол Улс дэлхийн хаана ч байхгүй их өв, соёл, түүхийн болон эртний палеонтологийн олдвортой ховорхон үзмэрүүдтэй. Дэлхийд гайхагдсан, давтагдашгүй музейтэй болох боломж бий. Бидэнд үзмэрүүд нь байгаа, гэвч байшин нь л байхгүй" хэмээн хэлж байсан. Тиймээс хамгийн наад зах нь түүх соёлын хосгүй үнэт бүтээл, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, хадгалах тал дээр дорвитойхон арга хэмжээ авах хэрэгтэй байгааг энэ бүхэн сануулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ