Оюутан шатарчид Гимараешт өрсөлдөж байна

img

Португал улсын Гимараеш хотноо шатрын Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 20-ны даваа гаригт эхэлсэн билээ. Манай улсаас ФИДЕ-гийн мастер А.Энхтуул, Б.Ану, спортын дэд мастер Б.Билэгжаргал нар эмэгтэйчүүдийн, спортын дэд мастер Б.Галмандах, Р.Амгаланбаатар, Б.Ариунбүүвэй нар эрэгтэйчүүдийн ангилалд оролцож байгаа юм. Зургаан өргийн дараах байдлаар 10 улсын 22 эмэгтэй шатарчнаас А.Энхтуул 3,5 оноогоор аравдугаарт, Б.Билэгжаргал, Б.Ану нар 2,5 оноогоор 13-15 дугаарт явна. Монгол бүсгүйчүүд хоорондоо таарч тоглоход Энхтуул хоёуланд нь ялж, Б.Билэгжаргал-Б.Ану нар оноо хуваалцжээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд 17 орны 40 шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд манай Б.Ариунбүүвэй 3 оноогоор 18 дугаарт, Б.Галмандах 2,5 оноогоор 26 дугаарт, Р.Амгаланбаатар 2,5 оноогоор 28 дугаарт бичигдэж байна. Тэмцээний долоо, наймдугаар өргийн тоглолт өнөөдөр явагдана. 2010 онд Швейцарийн Цюрихт болсон оюутны ДАШТ-ээс хувийн дүнгээр их мастер Б.Мөнгөнтуул алт, холимог багийн дүнгээр мөн алтан медаль хүртэж түүхэн амжилт үзүүлж байсан юм. Монголын оюутны шигшээ баг нь анх 1994 оны Болгарын Софи хотноо болсон оюутны ДАШТ-ээс ОУМ Ц.Батцэцэг мөнгөн медаль, 2000 онд Болгарын Варна хотноо зохиогдсон тэмцээнд багаараа хүрэл медаль, 2002 онд Улаанбаатар хотноо болсон оюутны дэлхийн аваргын 7 дугаар тэмцээнд Монголын баг хүрэл, хувийн төрөлд ОУМ Б.Анхчимэг хүрэл медаль, 2008 онд ОХУ-ын Новокузнецк хотноо зохиогдсон ДОАШТэмцээнд багаараа хүрэл медаль тус тус хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн 2011 онд БНХАУ-ын Шeнжeнь хотноо болсон Универсиад наадмын шатрын тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох Универсиад наадмын хөтөлбөрт шатрын төрөл дахин орсон юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-23