
Дэлхийн 168 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын шатрын холбоо 1924 оноос шатрыг оюуны өвөрмөц спорт гэж үзэж Дэлхийн шатрын Олимпиадыг явуулах болсон түүхтэй. Харин энэ жилийн олимпиад энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болох гэж байна. 40 дэх удаагийн Дэлхийн шатрын олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм.
Монголчууд Дэлхийн шатрын олимпиадад 1956 оноос хойш оролцох болсон бөгөөд 1960 онд Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн ширээнээсээ алтан медаль, 1964 болон 1970 онд олон улсын мастер Т.Үйтүмэн алт, мөнгөн медаль, 2000,2002 онд ФИДЕ-гийн мастер З.Бямбаа мөнгө, хүрэл медаль, харин 2004 онд Б.Хатанбаатар, Ц.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Манай шатарчид Дэлхийн шатрын олимпиадад 20 удаа оролцохдоо 1970 онд 60 орны эрчүүдээс 16-р байр, 1990 онд 64 орны эмэгтэйчүүдээс 12-рт шалгарч байсан удаатай.
Энэ жилийн багийн эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр нар багтсан бол тэднийг Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн дасгалжуулж байна.

Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд их мастер Б.Мөнгөнтуул, их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар багтжээ. Тэднийг МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан дасгалжуулан тус тэмцээнд оролцох юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ