
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны шинэхэн сайд Лу.Гантөмөртэй шинэ хичээлийн жилийн босгон дээр уулзаж ярилцав. Мэдээж, оюутны сургалтын төлбөр, сургууль, цэцэрлэгийн засварын ажил зэрэг олон асуудал энэ үед тулгардаг. Цаашилбал бидний яриа Кембрижийн стандарт, монгол төрийн зүтгэлтэн бэлтгэх талаар жаахан хальсан юм.
-
Нийслэлийн зам засварын ажилтай холбогдуулан их, дээд, дунд сургуулиудын хичээлийн цагийн хуваарьт ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа. Нийтдээ 17 газарт зам засварын ажил хийж байгаатай холбогдуулан ирэх аравдугаар сарыг дуустал бусад замын ачаалал нэмэгдэнэ. Улаанбаатар хотын захиргаанаас замын ачаалал хаана их байгаа тухай мэдээллийг бидэнд албан ёсоор ирүүлнэ гэсэн. Энэ мэдээллийн дагуу сургуулиуд дээр замын талаархи зургийг байршуулна. Түүнд үндэслэн сургуулиуд оюутан, сурагчдынхаа ирж очих, хичээл орох цагаа хэрхэн зохицуулах талаар онцлог байршлаасаа хамаарч шийдвэрээ гаргана.
- Сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд засвар дуусч, хичээлийн шинэ жил эхэлнэ.
-
Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэх үү. Үүнд яаж хяналт тавих бол?
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын төлбөрийг нэмэхгүй байх талаар их, дээд сургуулийн удирдлагуудад чиглэл өгсөн. Тэгэхээр энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг аль болохоор нэмэхгүй байх. Аль болох нэмэхгүй байх гэдэг тодотгол дотор 10 хувиас илүү нэмэхгүй гэсэн харилцан ойлголцлыг бий болгоод ажиллаж байгаа. Мэдээж, сургуулиудад хөрөнгө оруулалтын чиглэлээр, дээр нь урсгал зардалтай холбоотой нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр шаардагдаж байгаа. Энэхүү эх үүсвэртэй холбоотой асуудлыг ирэх бүтэн сайн өдөр яаман дээр санхүүгийн албадуудыг цуглуулж, тал талаас нь ярилцана. Үнэхээр шаардлагатай зардал байх юм бол Засгийн газарт танилцуулна.
-
Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийн хувьд...
-Хувийн хөрөнгө оруулалтай сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг яамны зүгээс урьж ярилцана. Тодорхой шийдлийг гаргах боломжтой гэж бодож байна.
-Хэрэв их, дээд сургууль төлбөрөө 10 хувиас хэтрүүлж нэмбэл ямар хариуцлага тооцох вэ?
-Одоогоор тодорхой хариуцлагын заалт хэлэхэд эрт байна. Гэхдээ төрийн өмчит сургуулийн удирлагад хариуцлага тооцох боломжтой. Хамгийн наад зах нь албан тушаалыг өөрчлөх хүртэл арга хэмжээ авна.
-Боловсролын салбарт бугшаад байгаа авлигалыг таслан зогсооход салбарыг толгойлж байгаа хүний хувьд тууштай ямар арга хэмжээ авч ажиллах уу?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнуудад хандсан илгээлтийг маргааш явуулна. Энэ илгээлтэд авлигаас ангид байх шаардлагыг хүргүүлнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар хандив нэрээр авлига авах, авахыг завдсан гомдол эцэг эхчүүдээс гарах юм бол тухайн ажилтны ажлын байртай нь хатуу ярина гэсэн мэдэгдлийг хүргүүлнэ. Ер нь бид нэг зүйлийг яаралтай эхлүүлэх бодолтой байгаа. Гэхдээ бага зэргийн судалгаа шаардлагатай байна. Жишээлбэл, хичээлийн шинэ жилийн эхэнд хүүхдүүдээс бэлэг авдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Ер нь багш хүүхдээс бэлэг сэлт авдаггүй болмоор байна. Цэцэг бол бэлэгний нэг хэлбэр мөн үү, мөн. Цэцэгний үнэ ямар байгаа билээ. Дунджаар 10-30 мянган төгрөг. Амьдралын боломжтой айлын сурагч бол 30 мянган төгрөг, буурай өрхийн хүүхэд 15, эцэг эх нь байхгүй, асран хамгаалагч нь мөнгөгүй тохиолдолд хүүхэд цэцэггүй, бэлэггүй очдог. Тэгэхээр багшдаа бэлэг өгч чадаагүй хүүхэд дорд үзэгдсэн, өөртөө гэмшсэн байдалд орох гэх мэтээр хүүхдийг зургаан настайгаас нь эхлээд хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа үзэгдэл юм биш үү гэж харж байна.
Яамны зүгээс багш нартай холбоо барилаа. Багш нарт хандан “ Та бүхэн цэцэг авахгүйгээр хичээлээ эхлүүлж болохгүй юу. Энэ тохиололд ямар гажиг үзэгдэл гарах вэ” гэдгийг асууж байгаа юм. Цэцэг авах нь уламжлал юм уу, хэв загвар юм уу, хүндэтгэл юм уу, аль нь тодорхойгүй байна л даа. Хэрэв хүндэтгэл гэж үзэж байгаа бол ангийн эцэг эхийн зөвлөлөөс багшид нь зориулаад авч өгч болно. Энэ бол хүндэтгэл.
Гэтэл хүүхэд бүр цэцэг, бэлэг өгөөд байх юм бол их буруу. Одоо бидний яриад байгаа авлигалын анхны суурь хөрс болж байгаа юм биш үү. Үүнийг монголчууд ойлгох хэрэгтэй л дээ. Бид ойрын хугацаанд бэлэг сэлт өгдөг асуудлыг зогсоох чиглэлээр ажиллах бодолтой байгаа. Хоёрдугаарт, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ангиа танхимд архи дарс хэрэглэдэг байдлыг хатуу хориглоно. Захирал, багш, эрхлэгч нарын өрөөнд ч архидан согтуурахыг хориглоно. Архи дарстай тэмцэнэ. Боловсролын салбарт хандсан хяналтын бүтэцтэй болно гэсэн саналыг гаргаж байгаа.
Боловсролын хяналтын хороог бий болгох ёстой. Энэ хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгүүдэд хандан байнгын зайны хяналт тавьдаг байх. Зайны хяналтаараа дамжуулаад багш, ажилтнуудын ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлыг тавих. Гуравдугаарт, сургуулийн захирлууд, ажилтнуудын ажлын чиг үүргийг тодорхой болгоно. Өөр өөрийн гэсэн үүрэгтэй болгоно. Тэр үүргээ биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн ийм гурван зүйлийг авлигалтай холбоотой санал болгож дэвшүүлнэ. Одоогоор авлигын индексээрээ боловсролын салбар толгой цохиж байгаа нь нууц биш. Тэгэхээр энэ байдлыг ойрын хугацаанд бууруулахгүй бол бидний боддог хамгийн гэгээлэг салбар хамгийн муу муухай зүйлийн эхлэл байж таарахгүй.
-Кембрижийн стандартад суурилсан шинэ хөтөлбөрийг манай улсад нутагшуулж байгаа нь хэр оновчтой гэж бодож байна вэ?
-Кембриджийн их сургуулийн арга зүйн зөвлөгөө, туслалцаа, стандарт хөтөлбөрийг Монголд нийлүүлэхтэй холбоотой ажил бол Монголын боловсролын агуулгыг өндөр түвшинд хүргэх, дэлхийд өрсөлдөх боломжтой болгох олон ажлын нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол Монголын боловсролын стандартын, тэр дундаа арга зүй талаасаа үндэсний стандартыг бий болгоход нэмэр болох дэмжлэг гэж харж байна. Мэдээж ганцхан Кембриджийн арга зүй дээр биш, дэлхийн түвшний арга зүйг Монголд нэвтрүүлж, үндэсний арга зүйн шинэ системтэй болно гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа.
Хүүхэд бүр анхаарлын төвд байна. Бид сургууль гэж ярьдаг. Цаана нь боловсролын салбар гэж ярина. Энэ нэг хиймэл том байгууллагын тухай биш, тодорхой хүний тухай ярих ёстой. Өнөөдөр гэхэд урамшууллаа, дэмжлэгээ аваад явж байгаа хүүхэд бүрийг нэрээр нь дуудаж байгаа шиг монгол хүүхдүүдийг нэрээр нь хөгжлийн хөтөлбөр, программ нь гардаг систем рүү шилжихийг хүсч байгаа. Ийм систем руу шилжих боломж бий. Яагаад гэвэл нэг сургуульд ногдож буй хүүхдийн тоо цөөн байна. Нэг захиралд 1000-2000 хүүхэд ногдож байна. Харин нэг өрхийн эмчид 2000 өвчтөн ногдоно. Нэг захиралд бараг 100-200 ажилтан байхад нөгөө талд өрхийн эмчид нэг л сувилагч байгаа. Тэгэхээр хүүхэд бүртэй ярилцдаг, ойлгодог, авьяас чадварыг нь нээх тодорхой хөтөлбөр зохиодог. Авьяасыг нь нээж, чадварыг нь өсгөдөг. Тэгээд эцэг эхчүүд нь хамт байдаг байх. Ер нь боловсролын салбартай холбоод нэг зүйлийг хэлэхэд, үнэхээр боловсролын салбар амин чухал юм бол эцэг эхчүүд долоо хоногт нэг удаа энэ салбарын ажилд оролцоорой гэж хэлэх байна. Сургууль, эцэг эхчүүдийн аль нь асран хамгаалагч юм бэ гэдгийг тодорхой болгоод, тэр хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Эцэг эхчүүд сургуулиар дамжаад нийгэмших үйл явцад оролцох хэрэгтэй. Эцэг эхчүүдийн оролцоотой сургуулийн менежментийг бий болгох гэх мэтээр хэд хэдэн реформын шинжтэй шинэчлэл гарч ирнэ. Энэ шинэчлэлийн суурь нь хүүхэд байна. Хүүхэд гэдэг асуудлын цаана хүүхэд бүр багтана.
-Хувийн хэвшлийн сургуулиуд төлбөрөө 60 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?
-Хувийн хэвшлийн сургуулиудын санхүүгийн баримт бичигтэй танилцана. Ярилцлага хийнэ. Энэхүү үйл явцын үед дүгнэлтүүд харагдах байх. Цалингаа хэдэн хувиар нэмэгдүүлэх гээд байгаа юм. Энэ нь Монголын төрийн албан хаагчдын аль зэрэглэлийн цалинг авч байгаа эсэх. Төрийн албан хаагчийн цалинг нэмж байгаа нь барьцах бодит шалтгаан мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт гаргана. Гэхдээ бид их, дээд сургуулийн сургалтын чанар, орчин нөхцөлийг унагахгүй. Хүүхдүүд нөгөө талдаа сургалтын төлбөрийн дарамтад орохгүй байх зөв харилцааг цаашид бий болгохгүй бол болохгүй. Энэ бол салбараа өмөөрч ярьж байгаа асуудал биш юмаа. Монголчуудын хувьд их сургууль төгсч байгаа мэргэжилтнүүд чанартай байх уу. Төлж байгаа мөнгө нь авч байгаа үйлчилгээтэйгээ нийцэх үү гээд энэ бүхэн нарийн судалгаатай хийх ажил.
-Ажилласан жилээр цалинг нэмдэг тогтолцоог өөрчлөх үү. Гадаадад их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу багш нар ажилласан жилээсээ хамаарч бага цалин авч байхад 20 жил ажилласан хоцрогдсон багш нар өндөр цалин авч байна гэх шүүмжлэл нийгэмд их байна...
-Бодит байдлыг харах хэрэгтэй. Боловсролын хүрээлэнгээр бодит байдлын судалгааг захиалж хийлгэх гэж байна. Тухайлбал, хүүхдүүдийн хэдэн хувь нь сургуульдаа суралцах сонирхолтой байна вэ, сургуульдаа суралцах дуртай хүүхдүүдийн шалтгаан юу байна вэ, дургүй хүүхдүүдийн шалтгаан юу байна. Хэдэн настайгаасаа хүүхдүүд сургуульд суралцах, эсхүл суралцах дургүй болж эхэлж байна. Дараагийн асуудал багш нарын амьдрал ахуй юун дээр тогтдог. Багшлахад ямар хүчин зүйл түлхүү нөлөөлдөг, багш нарын манлайлал яаж бий болгох гэх мэтчлэн энэ бүх зүйлд тодорхой судалгаа хийхээр болсон. Судалгааны дүн гарахаар үнэхээр шинэ багш нар бага цалин авдаг. Олон жил ажилласан багш нар өндөр цалин авч байна уу. Ямар бодит шалтгаан байна гэдэг тодорхой болох учиртай. Түүнчлэн их, дээд сургуулийн багш нараа орон сууцтай болгох талаар ямар бодлого барьж болох вэ гэх мэтээр энэ бүх зүйлийг бодит байдлынхаа тодорхой судалгаанд тулгуурлаж хийх хэрэгтэй. Түүнээс биш хоосон тоо яриад байх шаардлагагүй. Миний барих зарчим бол хүмүүстэйгээ ярья, судалгаандаа тулгуурлаж бодит ажил хийнэ.
-Монгол төрийн зүтгэлтнийг баг наснаас нь бэлтгэх боломж бий юу. Гадаадын улс оронд бол тусгай сургуульд бэлтгэдэг гэсэн.
-Ер нь бол хүүхэд бүхнийг Н.Төгсцогт гэж харах хэрэгтэй. Хүүхэд бүрийг ерөнхийлөгч гэж харах хэрэгтэй. Би тийм л бодолтой явна. Хүүхэд бүрт чиглэсэн боловсролоор бүх чадлаа нээдэг, үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн байх. Өнөөдөр дэлхийгээс медаль авч чадаж байгаа юм чинь гагнуур хийхдээ ч адил, дэлхийн хэмжээний тогооч, барилгачин, багш бэлтгэх боломж бий. Хамгийн гол нь хэн, юу хүсээд байна вэ гэдгийг нээж илрүүлэх хэрэгтэй. Түүнээс биш хүүхдийг нээхгүйгээр чиглүүлэх, удирдах, заах сургах арга барилаас салах цаг болсон.
Ялангуяа залуу эцэг эхчүүдэд нэг зүйлийг хүсч байна, уриалж байна. Хүүхдүүдтэйгээ ярилц, сургууль дээр нь оч. Хүүхдүүдийнхээ найзтай найзлаад үз. Тэгээд өөрийнхөө хүүхэдтэй ярилц гэж уриалмаар байна. Тэгэхгүй бол манай хүүхдүүд зөвхөн эмээ өвөөтэйгээ харилцаж байна шүү. Эцэг эхтэйгаа ярилцах чадвар алга. Эцэг эх гэдэг бол туйлын үнэн болж байна. Тийм зүйл байхгүй. Хүүхэд бүрт өөр өөрийнхөөрөө ертөнцийг таньж мэдэхэд туслах хэрэгтэй юм. Тэгээд багаас нь бие даасан байдалд суралцуулах.
Хамгийн гол зүйл бол өөрийн тань ярьж буй төрийн сайн зүтгэлтэн гэж хэн бэ гэхээр өөрийгөө илэрхийлэх чадвартай. Өөртөө анхаарал тавьж чаддаг. Өөрийгөө хөгжүүлж чаддаг. Зах зээлд хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Түүнээс биш номыг чи юу гэж ойлгож байна вэ гэхээр өмнөөс Горькийн ном бол ертөнцийг харах цонх мөн гэж хэлсэн үгийг туйлын үнэн юм шиг ярьдаг боловсрол байж болохгүй. Номын тухай өөрийн дүгнэлтэй байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол олон зуун мянган залуусаас төрийн зүтгэлтэн аяндаа гарна. Энэ талаар системтэй хөтөлбөр боловсруулна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ