
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Пан И-Ян Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийн урилгаар Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Пан И-Ян нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд, дэд сайд Г.Тэнгэр нартай уулзалт хийж, Шадар сайд Д.Тэрбишдагвад бараалхав.
Эдгээр уулзалт, хэлэлцээрээр Оюутолгой төслийг БНХАУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчээр түр хангах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний хилийн худалдааг олон улсын худалдааны хэм хэмжээнд нийцүүлэн журамлах талаар санал солилцов.
Мөн хилийн боомтын бүтээн байгуулалт, Замын-Үүдийн Чөлөөт бүсэд хятадын талаас хөрөнгө оруулах явцыг дэмжих ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллах, Замын Үүд-Эрээн хотын хооронд хятадын талын тусламжаар 1.1 км урт автозам барихаар тохиров.
Цаашид Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг жил бүр зохион байгуулж хоёр талын худалдаа, эдийн засаг болон харилцааны бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлцэж байхаар тохиров.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ