Гу Кайлай орлон тоглогч хөлсөлсөн үү

img

Хятадын томоохон улс төрчийн эхнэр Гу Кайлай английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд буруутай нь тогтоогдож, цаазын ял оноож тэнсэн харгалзах ял өгсөн билээ. Шүүх хурлын танхим руу дотоод болон гадаадын сурвалжлагчдыг оруулахгүй байсан бөгөөд Синхуа агентлаг товчхон мэдээлэл хийсэн юм. Харин ялын тогтоол танилцуулах хурлын үеэрх Гу Кайлайгийн зургийг цацсан нь олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байна. Гу Кайлайгийн сүүлийн зургийг хүмүүс өөрөө биш, орлон тоглогч гэж үзэж байгаа юм. Хятадын төр засаг олон жилийн турш ард түмэндээ худал мэдээлэл цацсаар ийнхүү иргэд нь тэр бүр бүх зүйлд итгэхээ больсон бололтой. Гу Кайлайгийн орлон тоглогч хөлсөлсөн эсэх талаар хятадын сонинууд нийтэлсэн бөгөөд нэг сонин дээр хоёр янзын таамгийг тавьсан байлаа. Нэг нь ялын тогтоол танилцуулахад байсан эмэгтэй Кайлай өөрөө биш гэсэн бол нөгөө нь Кайлай болон түүний нөхөртэй олон жил танил байсан нэгэн сурвалжлагч зурган дээрх нь Кайлай өөрөө мөн гэсэн байлаа. Магадгүй цаг хугацаа, хэрэг явдлаас болж түүний нүүр хавдаж ийм байдалтай болсон ч байж болох. Учир нь шүүх хурлаас өмнөх зургууд түүний олон жилийн өмнөх, аз жаргалтай гэр бүлтэйгээ байх үеийнх юм. Мөн Британийн “Financial Times” сонин мэргэжлийн хүмүүст хандаж, хүний нүүр царай таних програмаар шинжлүүлэхэд Кайлай өөрөө биш гэжээ. Шүүх хурлын үеэр хэрэгтэн этгээд өөрөө мөн эсэхэд эргэлзсэн таамаг үүнээс өмнө ч өөр хэргүүд дээр гарч байсан юм. Энэ нь ард иргэдэд шүүхийн үйл явц тийм ч шударга үнэн байдаггүй, мөнгөтэй хүн орлон тоглогч хөлсөлж өөрийнхөө оронд ял эдлүүлэх явдал байдаг гэсэн бодлыг хятадуудын дунд суулгахад хүрчээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ