Ургац хураалт 15 хоногоор хойшилно
Энэ жил 490 мянган тонн үр тариа, 310 мянган тонн төмс, хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл хураахаар төлөвлөөд байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Одоогоор төмс, хүнсний ногооны ургац хураалт эхэлсэн бол үр тарианы болц хараахан гүйцээгүй тул ургац хураалт 10-15 хоногоор хойшлохоор болсон байна. Үүнийг хавар урт үргэлжилж, тавдугаар сараас наймдугаар сар хүртэл бороо ихтэй, тариалалтын баланс тогтворгүй байсантай холбон тайлбарлаж байна. Цаг агаарын байдал хэвийн бол өмнөх жилүүдээс ахиу ургац авах боломжтой гэнэ. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын техникийн засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд үтрэм, агуулах савыг засаж янзалж байгаа аж. Ургац хураалт явуулахад улсын хэмжээнд 15 хоногийн шатахууны нөөц байгаа. Энэ жил ургац хураалтад ашиглагдаж буй 1100 үр тарианы комбайн сааталгүйгээр ажиллавал 30-35 хоногт үр тариагаа бүрэн хурааж авах боломжтой болох юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ