
Лондонд суух Эквадорын элчин сайдын яам Их Британийн албаныхантай долоо хоног холбоо тогтоогоогүй бөгөөд пүрэв гаригт Лондонгийн албанд захиа хүргүүлсэн гэлээ. Одоогоор ямар нэг хариу аваагүй байна.
Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Ассанжид Эквадор улсаас улс төрийн орогнолыг зөвшөөрсөн бөгөөд Их Британийн тал тус улсаас аюулгүй гарах эрхийг олговол энэ бүх дуулиан маргааш ч дуусч болно. Харин үгүй бол хэдэн сар жилээр үргэлжлэх боломжтой хэмээн Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа хэлжээ. Эквадорын элчин сайдын яамны мэдэгдсэнээр Ассанж тэнд хүссэн хугацаагаараа байж болно, хэдэн ч сар жил хамаагүй гэсэн юм.
Их Британийн тал гэмт хэрэгтэн шилжүүлэх үүргийнхээ дагуу ноён Ассанжийг байцаалгахаар Шведэд шилжүүлэх байр сууриндаа баттай зогссоор байна. Их Британи улс 1987 оны Дипломат болон Консулын газрын байрны тухай актын дагуу Эквадорын элчингийн дипломат статусыг хүчингүй болгож, байр руу нэвтрэх эрхтэй гэдгийг сануулж байсан юм.
Өнөөдөр Өмнөд Америкийн орнуудын гадаад хэргийн сайд нар уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Латин Америкийн орнууд Эквадорын талд зогсох төлөвтэй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ