Наж могойг хазаж алсан эр

img

Балбын нэгэн фермер эр цагаан будааны тариалангийн талбайдаа ажиллаж байгаад кобра буюу наж могойнд хатгуулсан ч зөрүүлээд могойг олон удаа хазан алжээ. “Могой сургагч хүн надад хэрэв могойнд хатгуулвал зөрүүлээд үхтэл нь хазаарай, чамд юу ч тохиолдохгүй гэж байсан юм” хэмээн Мохаммед Салмодин хэлсэн байна. Энэ хэрэг мягмар гаригт Балбын нийслэл Катмандугаас 200 км-ийн зайд орших тосгонд болжээ. Мохаммед могойнд хатгуулсныхаа  дараа гэр лүүгээ явж гэрэл авчраад, наж могой байсныг нь харсан байна. Ингээд л үхтэл нь хазсан гэнэ. Тэрээр энэ явдлын дараа ердийн байдлаараа ажлаа үргэлжлүүлсэн байна. Гэр бүл, хөршүүд, цагдаа нар шаардсаны дагуу эцэст нь эмнэлэг рүү явжээ. Могойнд хатгуулсан шархаа эмчлүүлээд тэрээр эмнэлгээс гарсан байна. Хэвлээр явагч ховордсон төрөл биш байсан учир албаныхан Мохаммедыг торгохгүй аж. Түүний алсан могой нь нийтлэг тохиолддог кобра байсан юм. Балбад олон төрлийн могой байдаг бөгөөд кобрагаас эхлэн ихэнх нь хортой байдаг. Тоо баримтаар Балбад жил бүр могойнд хатгуулсан тохиолдол 20 мянга орчим гардгаас дунджаар 1000 хүн амиа алддаг байна. Могойн хорнууд өөр өөр байдаг учир ямар могойноос нь хамаарч хүмүүст өгөх зөвлөгөө өөр байдаг юм. Гэхдээ ерөнхий зөвлөгөөг хүргье:
  • Тайван бай
  • Могойны өнгө, хэлбэр, хэмжээг санахыг оролд
  • Хор тархахаас сэргийлж хатгуулсан биеийн хэсгээ хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй
  • Хавдаж магадгүй учир хатгуулсан гар хөлөндөө зүүсэн цаг, гоёл зүүлт зэргийг тайлаарай
  • Ямар ч хувцсаа тайлах гэж оролдох хэрэггүй. Жишээ нь өмд.
  • Яаралтай эмнэлгийн тусламж авах
Харин олны сайн мэдэх чиг барьж боох, хорыг сорох гэх мэт аргуудыг хэрэглэхгүй байхыг мэргэжлийнхэн зөвлөдөг байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ