
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын танхимаас үл мэдэх бодис олдож хуваарьт нислэгүүд хойшилсон гэх мэдээлэл өглөө зарим сайтуудаар цацагдсан билээ. Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах багийнхан өнөөдөр 10.40 цагийн орчимд нисэх онгоцны буудалд очиход, хүлээлгийн танхим зорчигчдоор дүүрсэн байв. Түүнчлэн Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын ерөнхий газар, Тусгай анги, Хил хамгаалах газрын бие бүрэлдэхүүн бодис илэрсэн гэх газарт үзлэг шалтгалтыг хийж байсан юм. Зарим эх сурвалж болсон үйл явдлын талаар хэлэхдээ тэсрэх бодис илэрсэн гэcэн бол өөр эх сурвалжууд үзүүлэх сургалт болсон гэв. Ингээд хэсэг хугацааны дараа тус газарт хийсэн шалгалт үзлэг дууссаны дараа “МИАТ” компанийн ерөнхий захирал н.Бямбасүрэн сэтгүүлчдэд бодит байдлын талаар мэдээлэл өглөө. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тус нисэх онгоцны буудлын олон улсын явагчдын танхимаас өнөөдөр 06.05 цагт гаднаас нь харахад тэсрэх бодистой төстэй сэжиг бүхий зүйл илэрсэн байна. Энэ дагуу нисэх буудал аюулгүй ажиллагаагаа хангах үүднээс онц байдал зарлаж үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ингээд хуулийн дагуу Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах газар, Улсын мөрдөн байцаах газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас комисс томилогдож хяналт шалгалтыг явуулжээ. Шалгалтын явцад уг олдсон бодис нь сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдсон аж. Одоогоор энэхүү зүйлийг хэн ямар зорилгоор тус нисэх онгоцны буудалд орхисон талаар шалгалт явуулж байгаа гэнэ. Одоогоор нисэх буудлын зүгээс аюулгүй байдлыг хангах үүднээс дахин шалгалт явуулж, нислэгийн үйл ажиллагааг хэвийн болгосон гэл ээ. Энэхүү үйл явцтай холбоотой өнөөдөр олон улсын хоёр нислэг, орон нутгийн хэд хэдэн нислэг саатжээ..Түүнчлэн нислэг хойшилсоноос үүдсэн зорчигчдын хохирлыг авиа компаниуд хариуцахаар болсон байна.






























Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ