Б.Бадамцэцэг: Албан бусаар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэж байна

img

Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, судалгаа улсын хэмжээнд явагдаж байна Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, судалгааг 2012 оны наймдугаар сард зохион байгуулж байна. Бүртгэл, судалгааны талаар ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга Б.Бадамцэцэгтэй уулзаж ярилцлаа. -Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, судалгааг зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа явдалд талархал илэрхийлье. -Баярлалаа. Улсын Их Хурлаар 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 59  дүгээр тогтоолоор  баталсан Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр -ийн 3.4 хэсэгт “Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо, хамралт, мэдээллийн чанар, аргачлал, арга зүйг сайжруулна” гэсэн зорилтыг тавьж, үүний үр дүнд “Далд эдийн засгийг тодорхойлно” гэж тусгасан байдаг. Далд эдийн засгийн хэмжээг тооцох зорилтын хүрээнд энэ онд Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран уул уурхайн салбарт албан бусаар үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, судалгааг зохион байгуулж байна. -Бичил уурхай гэж юу вэ?, Ямар үйл ажиллагааг хамруулан ойлгож болох вэ? -Бичил уурхайд “Газрын тухай” Монгол Улсын хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгосон ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд ашигт малтмал олборлох зорилгоор “Иргэний” хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа”-г хамруулан авч үздэг. -Судалгааны зорилго, ач холбогдол юу вэ? -Судалгааны зорилго нь бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүдийн хамрах хүрээг тогтоож бүртгэлжүүлэх, тэдгээрийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг албан ёсны статистикт тусгах, бичил уурхайчдын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, бичил уурхайн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй шаардагдах суурь мэдээллийн санг бий болгоход чиглэгдэнэ. -Судалгааны хамрах хүрээ болон үргэлжлэх хугацааны талаар? - Улсын хэмжээнд Орхон аймгаас бусад аймагт 68 сум, дүүргийн 150-иад ашигт малтмалын илрэл бүхий орд, газарт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэд ашигт малтмал олборлож байна. Бичил уурхайн судалгаа нь эдгээр ашигт малтмалын илрэл бүхий орд газарт явагдаж байна. Бичил уурхайн судалгаа аймгуудад наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал явагдана. Харин хүйтний улиралд үйл ажиллагаа нь идэвхждэг газруудын хувьд 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээр дурьдсан хугацаанд тухайн газар нутагт тусгайлан бэлтгэгдсэн судлаач нар биечлэн очиж бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэдээс ҮСХ-ноос баталсан асуулгын дагуу судалгааг авч байна. Судалгаа ямар зохион байгуулалттайгаар явагдаж байгаа вэ? - Бичил уурхайн судалгааг хамралт сайтай явуулах, судалгааны ажлыг дүгнэх, хяналт, үнэлгээ хийх, холбогдох арга хэмжээ авах, нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, судалгааны үр дүнг тайлагнах ажлын хэсгийг  Үндэсний статистикийн хороо,  Швейцарийн хөгжлийн агентлагийн ‘Тогтвортой бичил уурхай’ төсөл, холбогдох яам, газрын  төлөөллийг оролцуулан байгуулан ажиллаж байна. Мөн судалгааг орон нутагт удирдан зохион байгуулах, судалгааны явц болон тулгарч буй асуудлын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж байх, холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын хэсгийг байгуулсны дээр судалгааг гардан явуулах 140-өөд судлаачид ашигт малтмалын илрэл бүхий орд газруудад ажиллаж байна. -Судалгаанд хамрагдсанаар бичил уурхайчдад ямар ач холбогдолтой вэ? -Бичил уурхайчид судалгаанд хамрагдсанаар улсын хэмжээнд бичил уурхайн мэдээллийн сан бүрдэх, бичил уурхайн хууль эрх зүйн орчныг сайжруулах, бичил уурхайн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд суурь мэдээлэл болох мэдээллийн санд хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болно. Монгол Улсын Засгийн газрын бичил уурхайн салбарыг зохицуулах, энэ салбарыг үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч идэвхитэй хэсэг болгох талаар явуулж буй арга хэмжээний хүрээнд бичил уурхайд чиглэсэн бодлого эрх зүйн таатай орчинг бий болгох, албан ёсны, хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх үүднээс бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах журмыг Ашигт малтмалын даргын 2011 оны 153 тоот тушаалаар баталсан. Мөн бусад орнуудын туршлага, тухайлбал Перу улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс харахад бичил уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт албан ёсны жижиг бизнес болж хөгжих боломжтой юм гэдэг нь батлагдсан байна. Энэ жишгийг нэвтрүүлж, бичил уурхайн салбарыг үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч идэвхитэй хэсэг болгоход хамралт сайтай, үнэн бодит, чанартай мэдээллийн сан чухал үүрэгтэй. Үүнд бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг дахин тэмдэглэн хэлмээр байна. Мөн  судалгааны үр дүнг газар зүйн мэдээллийн системд тусгах ажлыг хийхээр төлөвлөж байгаа нь энэ судалгааны нэг онцлог болж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Эцэст нь бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч иргэддээ хандаж судалгаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны мэдээллийн үнэн зөв байдал Монгол улсын бичил уурхайчдын  бодит дүр төрхийг илэрхийлэх үндэслэл болно. Г.Урангоо    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ