Паралимп эхлэхэд таван хоног үлдлээ

img

“Лондон 2012” зуны ХХХ олимп дуусч Лондон хот паралимпид бэлэн болжээ. Тамирчдын хотхон, цэнгэлдэх хүрээлэн түүнчлэн явган хүний замыг хүртэл паралимпийн тамирчдад зориулж бүрэн шинэчилж дууссан байна. Олимпийн наадмыг өөрийн улсдаа гурав дахь удаагаа зохион байгуулж байгаагийн хувьд багагүй шүүмжлэлд өртсөн Лондонгийн эрх баригчид Паралимпид онцгой анхаарал хандуулан ажилласан гэнэ. Лондонгийн олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн үеэр байрлуулсан таван цагиргийг авч паралимпийн билгэдэл болсон Агитог оронд нь суурилуулжээ. Явган хүний замыг тамирчдад зориулж өргөсгөсөн төдийгүй цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гаднах суудлуудыг зөвхөн паралимпийн тамирчдад зориулан дахин шинэчилсэн байна. Тамирчдын тосгоны хувьд бүх зүйлийг шинэчлэхийн тулд таван өдрийг зарцуулсан аж. Зохион байгуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн паралимпийн тамирчдад сайхан дурсамжийг үлдээхүйц сайн зохион байгуулалттай болно гэдэгт итгэлтэй байна. Манай улсаас энэ удаагийн “Лондон-2012” паралимпийн XIV наадамд эх орноо төлөөлж зургаан тамирчин буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорино.Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар оролцох юм. “Лондон-2012” паралимпийн XIV наадмыг дамжуулах онцгой эрхийг “Шууд” телевиз авсан юм. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ