Цахим үнэмлэхжүүлж байна

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас  Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг  ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  36 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хүчингүй болгосны улмаас 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хооронд иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа авсан сонгуулийн насны иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэн харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүлээлгэн өгч, олгох ажлыг зохион байгуулсан.  Бусад иргэдийн  иргэний цахим үнэмлэхийг  2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэвлэж эхлэхээр төлөвлөсөн. Гэвч Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын сонгуультай холбоотойгоор  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг  2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн мөн оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар улсын хэмжээнд  түр зогсоосон. Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл түр зогссоны улмаас  засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид  шилжин суурьшсан боловч шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй иргэдийг бүртгэлд хамруулах боломжийг олгож, холбогдох бүртгэлийг энэ оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 10-ний өдрийг хүртэл хийж,   иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг  2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий,  Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод, зэрэг 10 аймгийн иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэснээс Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Өмнөговь, Завхан аймгийн  иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил явагдаж  байна. Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн албан хаагчид  хоногт  2 ээлжээр, нэг ээлж нь  тасралтгүй 12 цагаар  ажиллаж, дунджаар өдөрт 20 000 орчим  иргэний үнэмлэх хэвлэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ