Чин сэтгэлээсээ
Алив нэгэн зүйлийг оромдолгүйгээр чин сэтгэлээсээ хийх сайхан. Анд нэгэнд хэлэх үгээ зусардалгүйгээр чин сэтгэлээсээ хэлэх сайхан. Хүний сэтгэлийн чанадад орших талархал, гомдлын үгс уруул даван хэн нэгний сэтгэлийн гүнд хүрэхдээ үнэ цэнэтэй байхыг мэдрэх сайхан. Хоёр жилийн тэртээд "Монголчууд Америкт" номны ярилцагчидтайгаа уулзалдан хөөрөлдөж байхдаа "Нэгэн цагт энэ хүмүүсийг хооронд нь уулзуулан танилцуулж, бусдад харуулан бахархуулах юм сан" гэж мөрөөдөж асан. Номоо хэвлэгдсэн цагаас л энэ мөрөөдлөө биелүүлэх гэж хэрдээ хичээсэн. Дотно сэтгэлийн найзууд руугаа утасдаж, эргэлзсэн сэтгэлдээ итгэлийн цучил нэмэрлэж, "чи чаднаа" гэсэн урмын үгсийг сонсож байхдаа би баярлаж байв. Дэмжсэн сэтгэлдээ "алдах вий" гэж санаа нь зовохдоо алдаа онооны дэнсийг илэн далангүй хэлж байсан олон хүн байлаа. "Туслах юм байвал нэрэлхэлгүй хэлээрэй" гэж нэг биш хүмүүс захиж байв. "Зориглож зорьсон бүхэн нь сайн сайхнаар бүтээсэй" гэж ерөөсөн сэтгэлийн олон хүмүүсийн сэтгэлийн гал, энэ арга хэмжээг тун сайхан болголоо. -Энэ арга хэмжээг төлөвлөж эхлэхээс л намайг дэмжиж, өөрсдийн бүх боломж чадлаараа тусалсан хүмүүс бол миний гэр бүлийн хүрээний дотно анд нар болох Ч.Ганболд, Г.Дариа, А.Ганбат нар байв. Ч.Ганболд, Г.Дариа 2 маань энэ номны хавтасны дизайныг хийхээс эхлээд, зар сурталчилгаа, тоглолтын билетийг хүртэл бүгдийг хийж тусалсан. Номны хавтас гүн цэнхэр өнгөтэй байхаас эхлээд сурталчилгаа, билет нь улаан хивсний ёслол хэлбэртэйгээр сонгодог өнгө руу уусаж орох хүртэл тэдний л сэтгэлгээ. "Ямар ч юмыг оромдож болохгүй, хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй" гэдэг бол тэдний зарчим. Эндээс л "Сонгодог" дүрслэл эхэлсэн. А.Ганбат маань миний өмнөөс илүүтэй санаа зовж, ирж ярилцана. Боломжооороо санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. "Сайхан болоосой" гэсэн сэтгэлээр юм болгонд жижиг гэхгүй санаа тавьж надад сануулах. АНД НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. -Нэг л өдөр хаалгыг минь тогшиж, Вашингтон ДС-ийн оюутан залуус Д.Ариунаа, М.Нямсүрэн, Д.Ариунбат, Мөнхцолмон нар манайд ирэв. Яг юуг, яаж хийх гэж байгааг минь надаас сонсоод л тэд "хэн юуг хариуцан, яаж тусалж болох" талаар ажил хэрэгчээр санал болгон ярилцлаа. Бүх зүйлээ ойлголцсоны дараа тэд шууд л ажил хэрэгтээ орцгоосон. Ажлаасаа хөндийрч чадахгүй байсан тэр хэдэн хоногуудад миний утас өдөржингөө л ээлж дараалан дуугарч, бэлтгэл ажлын явц болон хийж болох олон санаануудыг тархинд байнга эргэлдүүлж байлаа. Арга хэмжээний дэмжигчдийг хайж, олон хүмүүст санал болгож, тоглолтын билетийг хэвлүүлж, урьдчилан "шахах" гэж хэрдээ л ажил болцгоов. Энэ арга хэмжээг эхнээс нь дуустал төлөвлөж, хянаж, бусдыг уриалж , бүх ажлын зохион байгуулалтыг хариуцаж байхдаа тэд чин сэтгэлээсээ л надад тусалсан юм. Бас олон оюутнууд энэ ажилд сэтгэл зүтгэлээрээ дэмжин тусаллаа. Ариунбат маань эхнэр Норжмаагийн хамтад зочдыг тосон авч, зочид буудалд байрлуулан, буцахад нь үдэн гаргаж өгч байлаа. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. -Энэ арга хэмжээг зохион байгуулах тухай саналыг сонсоод Чикагогийн Жофферийн Балетийн Театрын төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг маань шууд л дэмжиж, хэрхэн сонгодог хэрнээ, яруу сайхан болгох талаар саналаа хэлж санаа тавин зүтгэсэн. Хэдэн жилийн өмнө З.Хангал агсаны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолтын гол ачааг үүрч байсан "Сонгодог Хөгжмийн Хамтлаг", энэ арга хэмжээний бүх л тоглолтын "амьд хэрнээ яруу тансаг"-ийг мэдрүүлэх болсон болохоор "Сонгодог Үдэш" гэсэн нэршлийг зоригтойгоор зарлах боллоо. Бид байнга утсаар ярилцаж, өндийж байгаа хөтөлбрийг хэрхэн "эрхэмсэг" болгон босгох талаар зөвлөлдөж байв. Хөтлөгчид болон найруулагчид, бусад урлагийн тоглолтуудыг хэрхэн зангидах талаар Мөнгөнчимэг маань байнга санаа тавьж байлаа. 8 сарын 18 ны өглөө онгоцноос хамтлагийнхантайгаа хамт буусан дороо, хоол идэж амжаад л шууд бэлтгэлдээ орцгоов. Яг тоглолтын өмнө хэт ядарсандаа жаахан амсхийж нойр авч амжсан байх. Энэ арга хэмжээний үеэр түүнийг шагнасан "Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгийг Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Х.Бэхбат гардуулсан нь бас нэгэн "сюрприз" болсон. Б.Мөнгөнчимэг болон Чикаго хотын "Сонгодог Хөгжмийн Хамтлаг"-ийнхан ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. Та нар минь энэ үдшийг жинхэнээр нь амилуулсан шүү. Лас-Вегасаас алдарт "О" шуоны багш Ж.Эрдэнэчимэг нугараач охид Төрчимэг, Намчинханд нарын хамт, нэгэн цагт УАДБЧ-ын гоцлол бүжигчин байсан Баясгалан, Батцэнгэл нартай ханьсаж ирсэн. Тоглолтын төгсгөлд болсон "О" шоуны нугараачдын үзүүлбэр дээр Ж.Эрдэнэчимэг маань 50 гарсан насандаа хосолсон нугаралтын гайхамшигийг үзүүлэв. Тэд үнэхээр гайхалтай байв. Бас бахархмаар. Надтай ярилцаж байхдаа Ж.Эрдэнэчимэг "нугараач охидуудаа бэлтгэж байхдаа өөрөө хамтдаа дасгалуудаа хийдэг тухайгаа өгүүлж, багш хүн шавь нартаа юу чаддагаа өөрийн биеэр үзүүлж байх нь их сайнаар нөлөөлдөг юм" гэж хуучилж байсан. Авьяас, зүтгэл хэзээ ч хөгширдөггүй юм гэдгийг тэрээр нотолж байгаа. Баясгалан маань миний хүсэлтийг сонсоод "Яанаа, чадах болов уу" гэж уулга алдсан ч, чадахаар зориглож ирсэнд би их баярласан. Чикагод байгаа Батцэнгэлтэй утсаар ярьж зөвлөлдөөд нислэгээ хүртэл тааруулж хамтдаа ирсэн тэд, Вашингтон ДС-ийн Дэлгэрмаатай хамтарч монгол бүжгийн гайхамшигийг жинхэнээр нь мэдрүүлэв. Монгол үндэсний хувцсын гайхамшигийг, монгол бүжгийн уян налархай хөдөлгөөнтэй хэрхэн зохицолдуулдагийг тэд "үзүүлж" өгсөн дөө. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. -Сиэтлээс морин хуурч Г.Уртнасан маань нисч ирсэн дороо Чикагогийнхантай нийлж аваад "онигоо"гоо ярьж хэсэг хөгжилдүүлсэний дараа ажил хэрэгч төрхөөр бэлтгэлдээ орсон. Түүний тоглосон "Аргамаг хурдан хүлэг" аялгуу нь тэр болгон тоглогдоод байдаггүй ч энэ оройн арга хэмжээнд монгол бахархал, монгол омогшилыг дуурсгав. -Саяхан Лондонгоор "зугаалж" яваад ирсэн сонгодог дуучин Э.Саран энэ арга хэмжээг "Монголын тал нутаг" дуугаараа эхлүүлж, өөрийнхөө ээлжин дээр сонгодог аригаар үзэгчдийн сонорыг "мялаав" . Элит урлаг гэж тооцогддог сонгодог дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц төрхөөрөө Монгол гэсэн нэрийг дуурсгаж яваа болохоор тэрээр аргагүй л бахархал байлаа. -МУГЖ Ягаанцэцэг өөрийн ач охин Б.Сарнайцэцэгийн хамтаар урт холын замыг туулан байж зорьж ирэв. Монголоос эмээ дээрээ зорьж ирсэн МУГЗ алдарт хөгжмийн зохиолч З.Хангал агсаны ач, МУСТА нэрт хөгжимчин Х.Булганы охин Б.Сарнайцэцэг энэ орой, аавынхаа тоглосон "Ээждээ" төгөлдөр хуурын гайхамшигт аялгууг эгшиглүүллээ. Нэгэн цагт өвдөж зовсон "ээждээ" зориулан, хайрлаж харамссан сэтгэлийн эгшиг, төгөлдөр хуурын даралт дээр дуссан нулимсын хамт олон жилийн дараа амилж эгшиглэнэ гэдэг үнэхээр гайхамшигтай байв. Хүний сэтгэлийн чанадаас урсах гайхамшигт аялгуу хэзээ ч хуучиралгүй, үе дамжин мөнхийн мөнхөд дуурсагдаж байдгийн сайхан жишээ энэ байсан. Олон хүний сэтгэлийн нулимсыг Б.Сарнай энэ аялгуугаар "аргадав". -Миннесотагаас ээжийнхээ хамт ирсэн АНУ-дахь "Ази гаралтай мисс"-ийн тэмцээний тэргүүн дэд байрын шагналт П.Дэлгэржаргал, хийл хөгжмөөр "Үлэмжийн чанар"-ыг , Денверээс ирсэн эгч дүү хийлч Б.Уянга, Б.Ундраа "Уран хас", "Хэнтийн өндөр ууланд" сонгодог аялгууг эгшиглүүлсэн нь энэ үдшийн "Сонгодог" төрхийг чимэв. Хэдийгээр харь оронд байгаа ч тэд Монголын шинэ үеийн залуусын хүсэл мөрөөдөл, тэмүүллийг илтгэж байсан. П.Дэлгэржаргалын ээж П.Солонгоогийн охиндоо зориулан урласан гоёлын улаан плать, энэ үдшийн сонгодог гоёл болж олон хүний нүдийг "хужирлав". -Чикагогоос ирсэн залуу дуучин Гантулга сонгодог аялгуунд уярч суусан хүмүүсийг өвөрмөц хэрнээ цоглог дуугаараа цочоон "сэргээв". " Харанга"-ын Лхагваагийн донжтой хэрнээ өвөрмөц хоолойг санагдуулсан энэ залуу хэд хэдэн хотуудад өөрийн тоглолтоо хийж амжсан гэсэн. Ямартай ч түүний дуулсан дуунууд хүмүүст ихэд таалагдсан байна билээ. Энэ үдшийн арга хэмжээний хөг аялгууг чин сэтгэлээсээ эгшиглүүлсэн ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. Та нар энэ үдшийн гайхамшигууд байсан шүү. -Энэ арга хэмжээний саналыг анх сонсмогцоо Сиэтлд байгаа анд Х.Ширчин маань хөтлөх санал тавьсан. Ерөнхий санааг авмагцаа түүний гаргасан хөтөлбөр энд оролцох олон хүнд таалагдав. Цагтаа Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог анх санаачлан байгуулж байсан тэрээр бүх зүйлд "яс "ханддаг. Жижиг гэхгүй бүх л зүйлд анхаарлаа хандуулж байнга санал солилцоно. Үндсэндээ Х.Ширчин маань энэ тоглолтын зангилааг зангидсан хүн. Х.Тэргэл бид хоёр, ийм арга хэмжээний талаар тэр нэгэн удаа уулзахдаа "мөрөөдөж" байв. Энэ арга хэмжээний саналыг сонсохдоо тэрээр "хөтлөх" саналыг хүлээж авсан. Хэдийгээр нялх хүүхэдтэй байсан ч тэрээр энэ арга хэмжээг зорьж гэр бүлийн хамтаар машинаар иржээ. "Яруу найрагч хүн ч арай өөр юм аа" гэж Х.Ширчин маань хөтөлбрийн эцэст "ам алдана" билээ. Тэд үгүй байсан бол энэ арга хэмжээ ийм сайхан болж чадах байсан гэж үү? ТА ХОЁРТОО ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. -Денверийн "Тулга" клубийн гишүүн Ш.Байгальмаа хийлч хоёр охиныхоо хамтаар зорьж ирсэн. Ш.Байгальмаа маань "Тулга" клубийн мэндчилгээнээс гадна, уг клубыг санаачлагч Х.Лхамаа андын надад зориулан бичиж илгээсэн шүлгийг яруу сайхнаар уншиж сонордууллаа. Лхамаа анд маань, наашаа ирж амжихаа больсон тухайгаа надад дуулгаад "Чамд 2 минутын зав байна уу?" гэж асуунгаа энэ шүлгээ утсаар надад уншиж өгч билээ. Би мундаг хүн биш л дээ. Гэхдээ анд нөхрийн чин сэтгэлийн шүлэгнээс илүү үнэтэй бэлэг бий гэж үү? ЛХАМАА АНД АА, МАШ ИХ БАЯРЛАСАН ШҮҮ. Бас энэ ажилд маань голлож тусалсан оюутан М.Нямсүрэн маань надад "шүлэг унших" саналаа хэлснээ "би шууд л тайзан дээр уншинаа, олон дахин уншихаар уйлчих гээд байдаг юм" гэж учирлаж билээ. Түүний уншсан "Ижийгээ баярлуулж яваарай" нэртэй өгүүллэг нь олон хүний сэтгэлийн "утсыг хөндсөн". ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. -Вашингтон ДС-д уран бүтээлээ туурвидаг зураач Цолмон, Денверт уран бүтээлээ туурвидаг зураач М.Цогтсайхан, Лос-Анжелост уран бүтээлээ туурвидаг зураач Л.Мөнхтөр нар энэ өдрүүдэд уран бүтээлийн тухай халуун дотно яриа өрнүүлэв. Арга хэмжээ болох заалын өмнөх чөлөөнд Цолмон, Цогтсайхан нарын бүтээлүүдээс болон Нью-Иорк хотоос ирсэн Монголын зураачдын бүтээлийн үзэсгэлэн байрласан юм. Л.Мөнхтөр анд минь энэ арга хэмжээний номын ярилцагсдад болон ивээн тэтгэгчид гардуулсан "Талархал, Дурсамж"-ийн бүтээлүүдийг урлан, Лос-Анжелос хотоос жаазны хамтаар машинд дайж авчруулсан юм. Энэ бол зүгээр л "Дурсгал" төдий зүйл биш, жинхэнэ уран бүтээл болсон болохоор бид сэтгэл өег байлаа. Тэр үүнд олон өдөр хоногийг чин сэтгэлээсээ зориулсан даа. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. -Шоу хийнэ гэдэг амаргүй юм билээ. Вашингтон ДС-орчмын Монголчуудын Холбооны Ц.Ивээлт, М.Дэлгэрцогт, миний дүү Г.Ганзориг нар туршлагаасаа хуваалцаж, санал зөвлөлгөө өгч, чин сэтгэлээсээ тусалцгаав. Өлзийсайхан маань ерөнхий найруулга дээр ажиллаж, оюутан Ж.Болд арга хэмжээний слайдыг бэлтгэж, Баясаа маань хөгжим, чимэглэл дээр "суув". Энэ арга хэмжээг бэлтгэж эхлэх үед Солонгос эзэнтэй кабинетийн үйлдвэрт ажилладаг Н.Мөнхбат, Г.Содномжамц, Д.Хүрэлбаатар, Б.Батзориг, Т.Энэбиш нар намирч буй Монголын Төрийн далбааны хэлбэртэй, голд нь Монголын Соёмбыг ухаж суулгасан индэр хийж бэлэглэсэн юм. Энэ бол тэдний сэтгэл зүрхнээс гарсан дэмжлэг байлаа. Бас UMON-ы Б.Уранчимэг маань бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийж, Энх-Амгалан энэ арга хэмжээгээр DVD бэлтгэж байна. Хүн болгон л өөрийн боломж, тус больё гэсэн сэтгэлээр дэмжив. ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. -Номонд ярилцлага өгсөн олон залуус энэ арга хэмжээг зорин цаг зав, боломжоо гарган байж хүрэлцэн ирсэн. Бас Вашингтон ДС төдийгүй олон хотоос дэмжигчид маань зорин ирсэн. Тэд энэ үдшийн эзэд байлаа. Тэд нэгэн үдшийг Монгол хүн болж төрсөндөө баярлаж, Монгол залуусаараа бахархаж , бас өөртөө итгэж "Монголчууд бид мундаг шүү" хэмээн талархаж хамтдаа өнгөрөөлөө. Арга хэмжээний дараа ч энэ л бахархал омогшил, бие биедээ хэлсэн талархлын сайхан үгс дунд АНУ-ын нийслэл Вашингтоны шөнө "сэрүүн хонов". Тэртээх нэгэн зуунд дэлхийд хүчирхэг бардам, омголон сүрлэг байсан монголчуудыг "зүүдэлж дурсав". Дэлхийн дайд "юм үзэж, нүд тайлсан" монголчуудын эвлэлдэн нэгдэж, их хөгжлийн гараан дээр гар гараа атгалцан зогсохыг "харж сэрэв". Үүний тулд л энэ арга хэмжээг хийх гэж зориглосон юм даа. Бид ганц нэгээрээ "мундаг" байгаад яах билээ. Олуулаа бие биенээ дэмжиж хамтаараа, бултаараа "мундаг" байхдаа л жинхэнэ "хүчирхэг" болно. Хэрэв "тэд" үгүй бол би ганцаараа юу хийж чадах билээ. Та нарын чин сэтгэлийн дэмжлэгээр энэ арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. ТА НАРТАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА. ... Энэ арга хэмжээний дараа би олон юмыг эргэцүүлж бодлоо. Монголчууд бидэнд маш сайхан боломжууд байнаа. Ямар нэгэн юм хийх гэж байгаа хэн нэгийгээ чин сэтгэлээсээ дэмжиж байвал бид хичнээн олон хүний урам зоригийг сэргээж чадах бол? Мөнгө ашигаа урьтал болголгүйгээр сэтгэлийн илч гэрэл өгөх гэж хичээж байгаа нэгнийг дэмжиж чадвал, дахиад илүү сайхныг хийх боломжийг нээж чадах болно. "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэгчлэн олон олон дэмжлэг, олон олон тус нэгдэн нэгдсээр хүчирхэг гол мөрөн шиг давалгаалан урсах буюу. Энэ л Монголчууд бидний эв нэгдлийн давалгаа болох болно. СЭТГЭЛД ГАЛ БАЙХАД ЗУУХАНД ГАЛ ХЭЗЭЭД ОЛДОХ БОЛНО. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
СЭТГЭГДЭЛ БИЧИХ